Төсөл сонгон шалгаруулах журмын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-17 12:20:10

Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2018 оны ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн сангаас олгосон хөрөнгийн зарцуулалт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ.


Архангай аймагт төсөл шалгаруулах дэд хороог байгуулж бүрэлдэхүүнийг томилоогүйн улмаас "дэд хорооны хурлаар нэг зээлдэгчид 200,000,000 (хоёр зуун сая) хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг хэлэлцэнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, төсөл хүлээн авах тухай зар, шалгарсан болон шалгараагүй төслийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлээгүй, ЖДҮ эрхлэгчээс ирүүлсэн төслүүдийг хэлэлцэлгүй ХХААХҮЯ-ны ЖДҮХСанд шууд шилжүүлэн зэргээс төсөл сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй болсон гэж дүгнэжээ.


Аудитаар ЖДҮХС-аас 2018 онд хөнгөлөлтэй зээлийн санхүүжилт авсан төсөл хэрэгжүүлэгч бүрийн авсан зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилт, үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, бодит байдалтай танилцахад зээл авсан 9 төсөл хэрэгжүүлэгчийн 22 хувь буюу 2 нь төсөлд тусгагдсан үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлсэн байхад 67 хувь буюу 6 нь дутуу хэрэгжүүлсэн, 11 хувь буюу 1 нь огт хэрэгжүүлээгүй байжээ.


Архангай аймагт 2018 онд ЖДҮХС-аас хөнгөлөлтэй зээлийн санхүүжилт авч төсөл хэрэгжүүлж байгаа иргэн, ААНБ-ын төслийг ХХААХҮЯ-ны Төсөл сонгон шалгаруулах хороо шалгаруулж шийдвэрлэсэн байх ба орон нутагт зээл хүсэгчээс ирүүлсэн баримт, материал, сонгон шалгаруулалттай холбогдох баримт материалууд бүрэн эхээрээ байхгүйгээс төсөл хэрэгжүүлэгч нарын үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, борлуулалтын орлого, цэвэр ашиг нэмэгдсэн, төлөвлөсөн ажлын байрыг бий болгосон эсэх, төслийн хүрэх үр дүн холбогдох шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулсан  зэрэг төслийн үр дүнг харьцуулан дүгнэх боломжгүй байв.


Иймд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлийг олгохдоо төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүнг нь бусад төрийн байгууллагад ирүүлсэн баримтаар харьцуулан үнэлж дүгнэх, шаардлага хангасан төсөл боловсруулсан ЖДҮ эрхлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзжээ. Мөн зарим төсөл хэрэгжүүлэгч нар анх батлагдсан төслийг огт хэрэгжүүлээгүй, авсан зээлийг өөр зориулалтаар зарцуулсан, зарим нь төсөлд огт тусгаагүй хөрөнгө худалдан авч зориулалт бусаар зарцуулсан  зээлдэгч нараар зээлийг санд буцаан төлүүлэх арга хэмжээ авах саналуудыг аудитаас ХХААХҮЯ-ны ЖДҮХСанд уламжилжээ.

Холбоотой мэдээ