Цагдаагийн 180 алба хаагч шинэ орон сууцтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-16 09:30:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цагдаа хотхон-Амгалан" цогцолборын хоёрдугаар ээлжийн 180 айлын орон сууцыг ашиглалтад өгөх нээлтийн ёслол өчигдөр боллоо.

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн  хүрээнд  баригдсан тус орон сууцны нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нар оролцож, алба хаагчдад шинэ байрны түлхүүр гардууллаа.



Мөн ёслолд ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, хурандаа Ж.Эрдэнэболд, барилгын ажлыг гүйцэтгэгч "ЦЭЭБ" ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нар оролцож, алба хаагчдад баяр хүргэв.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, Эргүүл хамгаалалтын газрын шүүхийн аюулгүй байдлыг хангах  хэлтсийн алба хаагч, ахлагч С.Мягмарсэнгээ агсны гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардуулав. Тэрбээр эхнэр, 1-13 насны дөрвөн хүүхэдтэй байжээ.

Барилгын ажлын хэсгийг ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр "ЦЭЭБ" ХХК ажилласан юм. 

Тус компани нь цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан”  цогцолборын нэгдүгээр ээлжийн  180 айлын орон сууцыг барьж ашиглалтанд өгч байв.

Алба хаагчид энэхүү орон сууцыг зээлийн таатай нөхцлөөр хөнгөлөлттэй үнэ буюу нэг мкв-ыг 950 мянган төгрөгөөр худалдан авах аж.

Холбоотой мэдээ