Тэмбүү өвчний 315 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-10 21:43:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 315 тэмбүү өвчний тохиолдол бүртгэгджээ. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас “Тэмбүүгээс сэргийлье, алсын хараа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь Баруун-Урт сумын иргэдэд чиглэх бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.

Энэ талаар ЭМГ-ын дарга ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа хэлэхдээ “2019 оны анхны ажил иргэд рүү чиглэсэн ажил болж байгаагаараа онцлог. Манай хамт олон 2018 оны 10 дугаар сард ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих санд төсөл бичиж 30 сая төгрөгийн санхүүжилт авч уг төслийг эхлүүлээд байна. Анх аймгийн хэмжээнд гэж төлөвлөж байсан ч хугацаа богино учир эхний ээлжинд Баруун-Урт сумын 20 мянган иргэнд зориулан хэрэгжүүлж байна. Ялангуяа зорилтот бүлгийнхэн болон нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд чиглэгдэж байгаа. Эхний шатанд тэдний мэдлэгийг сорих судалгаа, хоёрдугаарт илрүүлэг үзлэг, шинжилгээнүүдийг хийж байна. Хэрвээ сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй хийх болно. Ер нь аймгийн ЭТГ-аас 2009 оноос эхлэн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог тогтмол хийж, энэ өвчнийг үгүй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд ч тодорхой үр дүнгүүд гарна гэж үзэж байгаа.” гэлээ.

Төслийн хүрээнд 1000 ширхэг сонин, 5000 ширхэг гарын авалга, тохимолыг хэвлүүлсэнээс гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран залуучуудын эрүүл мэндийн боловсролд зориулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэжээ.

2018 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 284 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Тус аймаг 63 мянган хүн амтай гэж үзвэл нэг хүн жилд 3-4 удаа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн байна. Мөн 1300 иргэн шинээр мэндэлж, аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл буурчээ.

 

Холбоотой мэдээ