Цагаан сараар 357 гаруй тэрбум төгрөг гадагшилдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр Цагаан сард зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Манай улсын нийт өрхийн 64 гаруй хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Тодруулбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 гаруй хувь нь, 30-39 насныхны 45 хувь, 40-49 насныхны 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн дүн гарчээ. Дээрх тоогоор цагаан сарын баярыг 572.6 мянган өрх өргөн тэмдэглэж, нэг өрх идээ ундаа, бэлэгт зориулж 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Үүгээр тооцвол, улсын хэмжээнд Цагаан сарын баяраар айл өрхүүд нийтдээ 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Цагаан сарын бэлгийн 80
орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн судалгаа бий. Үүгээр
тооцвол цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш
гаргаж байна гэсэн үг. Монголчууд цагаан сарын баярын бэлэгт дотоодод
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонговол дээрх хэмжээний мөнгө дотооддоо үлдэж, үндэсний үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдэл буурах, үндэсний
мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар сайжрах зэрэг олон ач тустайг Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ.