ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы Элчин сайдыг дууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-10 12:00:54

МОСКВА. /РИА Новости/. Оросын эрх баригчидтай энхийн гэрээ байгуулах асуудлаархи Японы эрх баригчдын сүүлд хийсэн албан ёсны мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яам Япон улсаас Орос улсад суугаа Элчин сайд Тоёхиса Козукийг дууджээ.  


"Японы эрх баригчид өмнөд Курилын арлуудыг эзэмших бодолтой байгаа хэдий ч тэнд оршин сууж буй Оросуудыг өөр газар руу шилжүүлэн суурьшуулах бодолгүй байна" гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Асахи” телевизэд ярилцлага өгөх үеэрээ өмнө нь мэдэгдсэн юм.


“Иймэрхүү мэдэгдлүүд нь ЗХУ болон Япон хооронд 1956 онд баталсан хамтарсан тунхаг бичигт тулгуурлан яриа хэлэлцээ хийх үйл явцыг хурдасгах талаархи хоёр улсын удирдагчдын хэлэлцээнүүдийн утга учрыг бүдүүлгээр гажуудуулж, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна” гэж  уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Японы Элчин сайдад мэдэгдсэн байна.


“Орос улс энэ асуудлаар тууштай байр суурьтай хэвээр байгаа. Энхийн гэрээний асуудлыг Орос Японы харилцааны шинэ уур амьсгал бүрэлдэн тогтож буй нөхцөлд л шийдвэрлэх боломжтой. Шийдвэрийг хоёр улсын ард иргэд дэмжих ёстой” хэмээн И.Моргулов онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ