Оны эхний хоёр сард 12 мянга 459 хүүхэд шинээр мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-11 12:56:36

Улсын хэмжэнд энэ оны эхний хоёр сард 12 мянга 459 хүүхэд шинээр мэндэлсэн хэмээн УБСГ-аас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаарх мэдээллийн үеэр Хүн ам, нийгмийн статистикийн газрын мэргэжилтэн Т.Уянга онцлон тэмдэглэв.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 244 нярай, 1-5 хүртэлх насны 286 хүүхэд эндэж, өмнөх оноос 15-16.7 хувиар өсчээ.

“Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 959.3 мянган хүүхдэд 38.8 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 26.7 хувиар өсчээ

Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 35.7 мянган аж ахуйн нэгжийн 568.8 мянган албан хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 240.7 тэрбум төгрөг, зарлага 264.9 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь орлого 26.7, зарлага 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийгмийн даатгал төлөгчдийг цалингийн бүлгээр авч үзэхэд 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилчдын дундаж цалин 2.6 мянган төгрөг, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажилчдын цалин 8.5 мянган төгрөгөөр тус тус буурчээ. Харин 700 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажилчдын хөлс 0.3-8.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

Гэмт хэргийн гаралт 10.4 хувиар буурчээ

Харин өнгөрсөн хоёр сард улсын хэмжээнд 4762 гэмт хэрэг бүртгэгдэж, 4500 хүн хохирчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан үзүүлэлт байв. Үүнд хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан нь эерэг нөлөө үзүүлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 3.8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 40.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ