ТЦА өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн 417 осол бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-07 13:13:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 507 дуудлага хүлээн авч, зам тээврийн ослын шинжтэй 417-г бүртгэн шалгаж байна.

Зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг, Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт "T.Aqua" маркийн автомашин "N.Tiida", "T.Camry", "H.Aerocity" автобустай мөргөлдсөнөөс зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цагаан хаалга” гэх газар асфальтан замд "T.Pruis" маркийн автомашин онхолдож, 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ.

Ослын хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол тав, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх, замын хашлага мөргөсөн хоёр ослыг бүртгэв.

Бүртгэсэн ослоос харахад хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруугаас замын хажуу руу онхолдох нь дийлэнх хувийг эзэлж байгааг ТЦА-наас мэдээлэв

Мөн цагдаагийн байгууллагаас нийслэлийн гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3700 гаруй зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ