АН-аас УИХ-ын ээлжит бус сонгууль зохион байгуулах мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын улс төрийн зөвлөл энэ сарын 05-нд хуралдаж, УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах тухай мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар танилцууллаа.
Мэдэгдэлд, “Эрх баригч МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөрийн
хөтөлбөрөө хэрэгжүүлээгүйгээс гадна, төр удирдах чадваргүй гэдгээ харуулж байна.
Төрийн бүхий л шатны албан тушаалыг “60 тэрбум”-ын сүлжээгээр арилжаалж,
ЖДҮХС-гийн хөрөнгийг хулгайлан, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын
бүлэглэлийн зөрчилдөөн Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. Энэхүү
мухардлаас гарах гарц нь УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зохион байгуулж, эрх
баригчдын үйл ажиллагааг иргэдээр дүгнүүлэх шаардлагатай” гэжээ.
Энэхүү мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн бөгөөд тус бүлэг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ. Мөн өнөөдрийн УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах чиглэлээр АН-ын бүлэг санал, санаачилга гарган ажиллана гэдгийг дурьдсан юм.