Агаарын бохирдол ихтэй бүсэд цахилгаан болон хийн халаагуур өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-16 21:50:36
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт сүүлийн жилүүдэд гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол ихэссэн. Нийт 28 мянган өрхийн 17 мянга нь гэр хороололд амьдарч байна.

Тиймээс аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газар 2018 онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор, цахилгаан болон хийн халаагуур, шахмал түлшийг  хэрэглээнд нэвтрүүлжээ.

Тухайлбал, агаарын бохирдол ихтэй бүсэд нийт 42 ширхэг цахилгаан халаагуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Мөн шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг 50 ширхэг халаагуурыг олгохоор зэхэж байгаа аж. Нийт 20 сая төгрөгийн өртөгтэй дээрх халаагуурыг айл өрхөд мөн 70 хувийн хөнгөлөлттэй өгөх гэнэ. Цахилгаан халаагуурыг цахилгааны хүчдэл унадаггүй Баянцагаан, Говил, Дэнж, Эрдэнэ багийн айл өрхөд өгч байгаа юм.

Тус газар өнгөрсөн онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны “Агаарын бохирдлыг бууруулах сан”-аас 1000 өрхийг цахилгаан халаагуураар хангах төсөлд хамрагдаж энэ онд олгохоор төлөвлөсөн байна. Аймгийн агаарын бохирдлыг бууруулахын тулд юуны өмнө гэр хороолол дахь цахилгааны дэд станцуудыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлж байж өрх бүрийг цахилгаан болон хийн халаагуураар хангах боломжтой гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Энхсэлэнгэ хэллээ.

Холбоотой мэдээ