Монгол туургатан зохиолч, эрдэмтэд ном хаялцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-07 18:33:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЧЗХ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар, МУИС, МУБИС зэрэг их сургуулиудтай хамтран зохион байгуулсан "Монголын орчин үеийн уран зохиол-соёлын өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэ хуралд Монголын болоод ОХУ-ын буриад, халимаг, БНХАУ-ын өвөрмонгол болон Дээд монголоос ирсэн зохиолч, эрдэмтэн судлаачид оролцож байгаа тул ярилцах хүрээ нь өргөсч байгааг хурлыг даргалагч, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй онцлов.

Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат ажилтан, академич Д.Цэрэнсодном, МУСГЗ, доктор, профессор Д.Цэдэв, Ч.Дагвадорж, доктор Д.Сумьяа, Х.Сүглэгмаа, Б.Мөнхбаяр, С.Хөвсгөл, Б.Хишигсүх, С.Энхбаяр, Ж.Батбаатар, М.Чимидцэеэ нарын эрдэмтэн судлаач Монголын орчин үеийн уран зохиолын тухай сонирхолтой илтгэлүүд тавилаа. Тухайлбал, "Сүүлийн 30 жилийн турш Бавуугийн Лхагвасүрэнгийн хэдэн бор шүлгээс өөр сайн найраг төрсөнгүй. Хэдийгээр шинэ урсгал, өнгө аястай яруу найраг олон байгаа ч сэтгэлд нийцэх нь алга. Говийн догшин хутагт Данзанравжаагийн талаар Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Г.Мэнд-Ооёо найрагчийн бичсэнээс өөр нүд баясгах зүйл олж харсангүй. Миний сэтгэлд хүрэхгүй байна.

Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас

Хөндлөн бийрийг хөшиж юу хийнэ гэж Их зохиолч Инжинашийн хэлсэн агуу үг байдаг даа. Монголын уран зохиолыг өвчтөнтэй зүйрлэж болно. Бүх зүйл нь тодорхой бодлого, чиглэлгүй болохоор Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” шиг хаашаа ч хамаагүй болчихоод байгаа юм. Уншигч хүний нүдээр харсан зүйлээ хэллээ. Залуустаа хандаж хэлэхэд, монгол түмэн үлгэр сонсч өсч, хүмүүжсэн юм. Одоо бол хүүхдэдээ үлгэр уншиж өгөхөө байжээ. Магадгүй хоцрогдсон зүйл гэж үзэж байгаа байх. Гэтэл үгүй юм. Германд бол энэ уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалсаар байна. Өв уламжлалаасаа суралцаж байгаарай" гэсэн академич Д.Цэрэнсодном гуайн үг жинтэй байлаа.
Харин үдээс хойшхи хуралдаан "Монгол туургатны хэлхээ холбоо" сэдвээр болов. Буриадын уран зохиолын тухай ОХУ-ын Буриадын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, монгол судлаач Баяр Дугаров илтгэл хэлэлцүүлсэн бол Өвөрмонголын уран зохиолын тухай  БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч  Бүрэнтөгс, Намцоо, Монголжав, Урангуа, Элэхэнгээ нар илтгэл тавилаа.

    Эдгээр хурлын дараа, МУСГЗ, доктор Д.Цэдэвийн судалгааны гурван боть, МУСГЗ, доктор Ч.Дагвадоржийн судалгаа, яруу найргийн 4 боть, МУСГЗ, доктор Ж.Саруулбуянгийн уран бүтээлийн 5 боть, Д,Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагвын яруу найргийн хоёр боть номыг нээх ёслол болов. Ийнхүү өнөөдөр эрдмийн хурал, шинэ уран бүтээлийн нээлт зэрэгцсэн томоохон оюуны баяр болж байна.

Холбоотой мэдээ