Булган аймагт “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-04 16:46:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөн Булган суманд болж байна.

Зөвлөлгөөнд аймгийн хэмжээний төрийн албан хаагч 500 орчим эмэгтэйчүүд оролцож байна.

Зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий хэлсэн үгэндээ:

- Манай ард түмэн бичиг үсэгтэй, боловсролтой, дэлхий нийтийн мэдээлэлтэй, орчин үеийн техникийн болон технологийн мэдлэгтэй, соёлтой болсон. Гэтэл ёс суртахууны уналт, зан чанарын доройтолд орж, өвөг дээдсийн нандин ёс уламжлал, хүн чанар бусдыг хүндлэх, байгаль дэлхий, уул хангай, ус мөрнөө хайрлан түүндээ зохицон амьдрах сайхан чанарууд алдагдан, эд мөнгө шунал гүнзгийрч аминчхан хувиа бодсон үзэл давамгайлах болсон байна.

Иймээс төрийн албаныхан нийгмийг соён гэгээрүүлэх, манлайлан хошуучлах үүргээ улам нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Эмэгтэй хүний хатан ухаан, аядуу зөөлөн зан, аливааг хэлцэл зөвшилцлөөр шийдэхийг чухалчилдаг зан чанарыг илүүд үзэж юуны түрүүнд төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн саналыг авахаар зөвлөлгөөнийг зохион байгуулж байна гэлээ.

“Монгол төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” гэсэн үндсэн илтгэлийг аймгийн Засаг дарга З.Батзориг тавьлаа.

“Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зэрэг сэдвээр Орхон аймгийн ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Алтанцоож, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам нар мэдээлэл хийх юм.

Тус аймгийн хэмжээнд 20,0 гаруй мянган эмэгтэйчүүд байдгаас хөдөлмөрийн насны 18020 бүсгүйчүүдээс 1877 нь төрийн байгууллагад ажиллаж байна.

Холбоотой мэдээ