Өмнөд Солонгостой байгуулсан гэрээнүүдээ Пхеньян цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-10 12:53:45

ПХЕНЬЯН. /TASS/. Өмнөд Солонгостой байгуулсан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай бүх гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргаснаа Умард Солонгос өнөөдөр мэдэгдлээ. Энэ тухай тус улсын Солонгосыг тайван замаар нэгтгэх хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсаныг Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ уламжилсан байна.

Төлөөлөгчийн хэлснээр, Пхеньяны эрх баригчид “Умард Солонгост буй Өмнөд Солонгосын харьяа компаниудын бүх эд хөрөнгийг хураахаар шийджээ”. Тус улс мөн Кымгансан /Алмаазан уул/ амралт сувиллын бүсэд Өмнөд Солонгосын жуулчдын бүх аяллыг хүчингүй болгож, Кэсон хотын аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

“Өмнөд Солонгостой байгуулсан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай бүх гэрээг Умард Солонгос хүчингүй болгосныг” мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Энэ мөчөөс эхлэн “хоёр Солонгосын хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагаа болон солилцооны тухай бүх гэрээг Пхеньян хүчин төгөлдөр бус гэж үзэх болно” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Солонгосыг тайван замаар нэгтгэх хорооны төлөөлөгчийн хэлснээр, Өмнөдтэй эдийн засгийн хамтын ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг “Умард Солонгос энэ жил цөмийн туршилт явуулж, хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын эрх баригчдын дангаар авсан хориг арга хэмжээний хариуд гаргажээ”.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ