Израиль улс аялал жуулчлалын чиглэлээр зорин очих хамгийн үнэтэй газруудын нэгд тооцогдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 12:02:45

МОСКВА. /АиФ/. Аялал жуулчлалын зорилгоор зорин очих хамгийн үнэтэй газруудын нэгд сүүлийн жилүүдэд Израиль улс багтаж байна. Энэ тухай “Haaretz” сонин мэдээлсэн байна. Тус улсын сүлжээ зочид буудлуудад байрлах үнэ нь дэлхийн бусад улс орны сүлжээ зочид буудлуудын үнээс хоёр юмуу гурав дахин илүү байдаг аж.


Ирэх оны 5 дугаар сарын 14-18-нд Израилийн Тель-Авив хотод “Евровидение” олон улсын дууны уралдаан болох юм. Энэ үеэр жуулчдын байрлах зочид буудлуудын захиалга хэдийнээ дүүрчихээд байгаа бөгөөд үлдсэн газруудад захиалгын үнэ маш өндөр байгаа аж. Зөвхөн “Евровидение” төдийгүй Израиль улс нь сүүлийн жилүүдэд  аялал жуулчлал хийхэд зоруилагдсан хамгийн үнэтэй газруудын нэг болоод байгааг “Haaretz” сонин цохон тэмдэглэжээ.


Тухайлбал, Тель- Авив хот дахь “Sheraton” сүлжээ зочид буудлын үнэ амралтын өдрүүдэд 302 ам.долларын үнэтэй байгаа бол Швейцарийн Цюрих болон Германы Берлин хотуудад тус зочид буудлын үнэ 150 ам.доллар байгаа аж.


Зочид буудлууд ийм өндөр үнэтэй байгааг үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр, өрөөнүүдийн хүрэлцээ бага байдагтай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн Израильд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор төдийгүй гэр бүлээ зорин очдог хүмүүс элбэг байдаг аж. Энэ оны эцэст Израилийг зорин очих жуулчдын тоо дээд амжилт тогтоож магадгүй байна. 

Холбоотой мэдээ