Цагаач хүүгийн нас барсан хэргийг мөрдөн шалгахыг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-26 11:33:05

МОСКВА. /РИА Новости/. АНУ-д хууль бус цагаачдын хоригдож буй газарт дахин нэг хүүхэд амиа алдсан хэргийг мөрдөн шалгахыг Гватемалын Засгийн газар Америкийн эрх баригчдаас хүсчээ. Энэ тухай Гватемалын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-д хууль бус цагаачдын хоригдож буй газарт энэ сард дахин нэг хүүхэд амиа алдсан тухай АНУ-ын Хил, гаалийн албаны мэдэгдсэнийг иш татан америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлсэн. Гватемалаас ирсэн 8 настай хүүд энэ сарын 24-ноос өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Түүнийг эцгийнх нь хамт эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар хүүг ханиад хүрсэн, халуунтай байна гэж оношлон эм бичиж өгөөд буцаасан байна. Хүү Нью-Мексико муж улсын Аламогордо хот дахь саатуулах газарт эргэн ирсэн хэдий ч тухайн өдрийнхөө орой бөөлжиж эхэлсний улмаас эмнэлэгт дахин хүргэгдэж, түүнээс хойш хэдхэн цагийн дараа нас баржээ.


“Хүүгийн нас барсан шалтгааныг тогтоож байгаа бөгөөд энэ талаар мэдэхээр эмнэлгийн дүгнэлтийг авахыг хүссэн" гэж Гватемалын ГХЯ мэдэгдсэн байна.


Түүнчлэн “Засгийн газар хүүгийн эцэгт дэмжлэг үзүүлж, консулын хамгаалалтад авч, хүүгийн цогцсыг эх оронд нь буцаан авчрах үүргийг хүлээнэ” гэж Гватемалын Гадаад хэргийн сайд Сандра Ховель мэдэгдсэн байна. 


Өмнө нь Гватемалаас ирсэн 7 настай охин нас барсан хэрэг олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьсан юм. Охин эцгийнхээ хамт Америкийн хилийг хууль бусаар давсан 163 цагаачийн дунд байжээ. Цагдан хоригдсоноосоо хойш найман цагийн дараа охин татаж, халуурч эхэлсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, охин хэд хоногийг хоол ундгүй өнгөрүүлсэн байсан аж. Өндөр халуурч, шингэн дутагдсаны улмаас охин хордлогод орж нас барсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.

Холбоотой мэдээ