С.Төмөрхүү: Шөнийн тарифт 103 мянган өрх хамарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-09 17:16:03

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Тус компани нийт үйл ажиллагааны хэдэн хувьд нь хүрч ажиллаж чадахгүй байна вэ. Тодруулбал хэдэн иргэн, айл өрхийг шинээр цахилгаанд холбов. Мөн хэдэд нь боломжгүй гэсэн хариулт өгч байна вэ?

-УБЦТС компанид ирж буй цахилгаанд шинээр холбогдох хүсэлтийн тоо жил ирэх бүр өсч байна.  Өнгөрсөн онд нийт 4025 хүсэлт хүлээж авснаас 3700-д нь техникийн нөхцөл олгосон. Үлдэж буй 10 хувьд нь олон талын шалтгаанаар бололцоогүй гэсэн хариулт өгсөн. Тухайлбал, шугам сүлжээний ачаалал 100 хувьд хүрчихсэн. Гэтэл тодорхой нэг дэд станцаас холболт хийх гэхээр өмнө нь өөр хэрэглэгч чадал захиалаад техникийн нөхцөл авсан байдаг. Гэхдээ зөвшөөрөл авсан хэрэглэгч маань уг нөхцлөө ашигладаггүй, хэдэн жилээр дарчихдаг. Энэ мэт шалтгаанаар зарим тохиолдолд иргэд, аж ахуй нэгжийг цахилгаанд холбож чадахгүй байна. Иймд манай байгууллага "Шинэ холболт" системийг нэвтрүүлэхээр болсон. Одооноос эхлэн хэрэглэгчдийг чирэгдүүлдэггүй, харин ч нэн яаралтай хэрэглээ шаардлагатай хэрэглэгчдэдээ үйлчилдэг тогтолцоонд шилжиж байна.

-Нийслэлээс иргэдэд сонгон шалгаруулалтаар газар олгож байгаа. Эдгээр газрыг хэзээгээр цахилгаан эрчим хүчтэй болгох вэ?

-Цахилгаанд холбогдоогүй айл өрхийг хоёр хэсэгт ангилж болохоор байгаа юм. Нэг хэсэг нь зөвшөөрөлгүй буюу хамгаалалтын зурвас, үерийн даланд суурьшлын бүс үүсгэсэн айлууд, нөгөө хэсэг нь зөвшөөрөлтэй газар буусан гэж хувааж байгаа юм. Хот төлөвлөлтийн хуулинд газрын зөвшөөрөл олгохдоо инженерийн байгууламжийг нь татаж холбох ёстой. Энэ дагуу улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шат дараатай ажлууд хийгдэж байгаа.

-Засгийн газраас шөнийн тарифыг шинэчилсэн шийдвэр гаргасан. Шөнийн тарифын хэрэгжилт одоогийн байдлаар ямар байдалтай байна вэ?

-Засгийн газар 2015 оны 11 дүгээр сараас гэр хорооллын айл өрхийн шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувь бууруулсан шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 103 мянган айл өрх шөнийн тариф хэрэглээд, тооцоогоо хийж байна. Ингэснээр төлбөр нь хямд төлөгдөж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ