Хувьцаагаа арилжаалахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газарт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-03-09 15:36:47

Монгол Улсын иргэн бүрт олгосон “Эрдэнэс тавантолгой”  ХК-ний 1072 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн иргэдийн өргөдлийн талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

2011 оноос хойш "Эх орны хишиг иргэн бүрт" уриан дор УИХ, Засгийн газрын тогтоолууд гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ний нийт хувьцаанаас 20 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлж эхэлсэн. Энэ 1072 хувьцааны оронд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2010-2012 онд оюутан байсан нийт 300 мянга гаруй иргэн 1 сая төгрөгийг төрөөс авсан байна.

Харин үлдсэн 2,5 сая иргэн 1072 хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадахгүй байгаа аж. Энэ асуудлаар иргэд Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд хандаж  хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжаалах эрх олгохыг хүсчээ.

Тус төв нь иргэдийн хувьцаагаа арилжаалахыг хүссэн өргөдлийг цуглуулж  төрийн эрх барих байгууллагуудад шилжүүлж эхлээд 3 сар болж байгаа юм.

Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай “Хувьцаа бол иргэдийн өмч хөрөнгө тул өвлөж авдаг, гэрээслэн үлдээдэг, бэлэглэдэг, өрөндөө өгдөг, барьцаанд тавьж зээл авах зэргээр ашиглаж болдог. Хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрхийг олгохыг хувьцаа эзэмшигчид манай төвөөр дамжуулан хүсч байгаа юм” гэв.

Иргэд хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хүссэн өргөдлийн 2 дугаар ээлжийн 509-1008 дахь иргэдийн 500 өргөдлийн эх хувийг Засгийн газарт өнөөдөр хүргүүлжээ.

Дашрамд дурдахад, тус төв нь Монгол-Тайваны төвийн 4 давхарт 409 тоод өрөөнд байрлаж байгаа юм.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ