ОХУ Египеттэй агаарын харилцаагаа сэргээхээр ажиллаж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-12-19 15:22:56
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. Египет улстай зогсоогоод байсан агаарын харилцаагаа сэргээхээр Оросын шинжээчид энэ сарын 16-ний өдөр тус улсын нисэх онгоцны буудлуудад үзлэг хийлээ.

 2015 оны 10-р сарын 31-ний өдөр Египет улсын Шарм-Эш-Шейх хотоос ОХУ-ын Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан Оросын “Когалымавиа” компанийн А321 онгоц Синайн хойгт осолдож 224 хүн амь үрэгдсэн билээ. Тэдний дийлэнх нь Шарм-Эш-Шейх гэх аялал жуулчлал өндөр хөгжсөн далайн эргийн хотод амраад буцаж буй оросууд байсан билээ. Оросын тал, Египетийн тал ч энэхүү ослыг террорист халдлага хэмээн дүгнэсэн бөгөөд одоо хэр нь захиалагч нь тогтоогдоогүй байгаа юм. 

Энэхүү сүйрлээс үүдэн 2015 оны 11 дүгээр сараас Оросын тал Египетийн хотууд руу үйлддэг байсан нислэгүүдээ зогсоосон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины захирамжаар 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зөвхөн тус улсын нийслэл Каир хот руу тогтмол нислэг үйлдэж байгаа билээ.

Оросуудын хувьд хямд зардлаар халуун оронд амрах ганц сонголт нь Египет улс бөгөөд бусад далайн эргийн орнуудаас даруй 2 дахин хямд учир хүмүүс маш ихээр аялдаг байсан юм. Харин агаарын харилцаагаа зогсоож, Египетийн аялал оросуудын хувьд хаалттай болсон нь тус улсын аялал жуулчлалын ашиг орлогод томоохон цохилт өгсөн гэдэг. Харин одоо хоёр улсын Засгийн газар агаарын харилцаагаа сэргээж хэвийн үйл ажиллагаагаа тогтворжуулахаар ажиллаж буй юм. Энэ хүрээнд ОХУ-ын агаарын тээврийн шинжээчид Египет улсын Каир, Хургада, Шарм-Эш-Шейх зэрэг оросуудын хамгийн ихээр зорчдог хотуудын нисэх онгоцны буудлуудын орох хаалганаас эхлэн онгоцонд суух хоолой хүртэл бүх зүйлийг шалган холбогдох байгуулагад илтгэх юм.

Түүнчлэн чартерын нислэгийг сэргээсэн тохиолдолд Оросын талаас Египетийн онгоцны буудлууд дээр тусгай үүргийн аюулгүй байдлын ажилтнуудаа ажлуулах аж.

Холбоотой мэдээ