Архангайд хаваржилт  хүндэрч  байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 11:08:01

Архангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай үүнээс Хангай, Цахир, Тариат, Хашаат сумд хамгийн их буюу тал газраа 15-20 см хунгарлаж шуурсан газраа 60-70 см хүрч хөрлөж хатуурсанаас автомашин явж хүрэх боломжгүй болоод байна. Тус аймагт  хаваржилт ямар байдалтай байгаа талаар аймгийн Онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Архангай аймагт хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Саяхан аймгийн удирдлагуудаар ахлуулсан 3 ажлын хэсэг хаваржилт хүндэрсэн сумдаар явж нөхцөл байдлыг газар дээр нь үзэж малчидтай уулзаад ирсэн. Малчид мал их хэмжээгээр хорогдож байгаа, тусламжаар ирсэн өвс, тэжээл хүрэлцээ муутай, сумын төвөөс багууд руу өвс, тэжээлээ хүргэж чадахгүй байгаа учраас зам гаргаж өгөх, өвс, тэжээл шаардлагатай байгаа тухай санал хүсэлт их тавьж байна. Энэ сарын 3,4-ний өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа. Энэ мэт байдлаас шалтгаалан нэгэнт доройтсон малын хорогдол нэмэгдэж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 37,0 мянган толгой мал хорогдсон байна.

-Цаг хүндэрсэн сум, багууд малчны хотонд цаг үеийн ямар арга хэмжээ авч байна?

-Засгийн газар болон аймаг орон нутгаас зохих арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал: Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хоёр удаагийн тогтоолоор Төвшрүүлэх сумын Улсын нөөцийн салбараас 343 тн өвсийг үнэгүй, 270 тн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олголоо. Мөн аймгийн нөөцийн 150 гаруй тонн өвс, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан сум, багт нь тээвэрлэн хүргэж өгөх ажлыг зохион байгууллаа. Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс манай аймгийн хүндэрсэн Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан, Хашаат суманд зудын үнэлгээ хийж  зорилтот бүлгийн 250 малчин өрхийг сонгон нэг сарын хүнсний, 1 өрхөд 64000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Аймгийн Засаг даргын захирамж гаргаж нарийн мэргэжлийн эмч нарын баг томилон Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан сумын отор нүүдлээр явж байгаа, алслагдсан нутагт байгаа малчдад эрүүл мэндийн үзлэг нийж нийт 300 гаруй өрхөөр орж 250 өрхөд 5.0 сая төгрөгний үнэ бүхий өрхийн хэрэгцээний эмийн багцыг тусламжаар өглөө. Алслагдсан малчдад өвс тэжээл хүргэх, эмнэлэгийн автомашин явах боломжгүй газарт ажиллуулахаар Онцгой байдлын газрын Газ-66 автомашин, 6 албан хаагч Хангай, Цахир, Тариат суманд тус тус ажиллаж байна.

 -Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Орон нутгийн өвс, тэжээлийн нөөц дууссан цаашид нөөц бүрдүүлэх, нэмж байршуулах талаар анхаарч ажиллах шаардлагатайаймгийн Улаан Загалмайн хорооноос малчдад туслах уриалга гаргасан, мөн төрийн болон төрийн бус байгууллага, хандивлагч байгууллагын хандив тусламжийг малчдад чиглүүлэх ажлыг зохион байгуулах, хаваржилт болон мал төллөх үеэр хүн хүчний тусламж үзүүлэх хэрэгтэй. Цаашид хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийх, Цагдаагийн газраас ажлын хэсэг гаргаж малын хулгайтай тэмцэх отор нүүдэл хийж байгаа нутгийн малчдад хууль эрх, зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Архангай аймаг Л. Булган

 

 

 

 

 

Холбоотой мэдээ