Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-10 11:28:30
ПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна гэж Өмнөд Солонгосын телевизийн YTN сувгийн цахим хуудсанд тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улиран өнгөрч буй оны үлдсэн гурван долоо хоногт манай улсад айлчлах нь юу л бол” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

"Ерөнхийлөгч Мүн Жэ Иний БНАСАУ-ын удирдагчид илгээсэн албан ёсны урилгад айлчлалын өдрийг тодорхой товлоогүй байгаа" гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байв.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Умард Солонгосын удирдагчийн Өмнөдөд хийх түүхэн дэх анхны айлчлал энэ долоо хоногийн дундуур болж магадгүй тухай мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, “Chosun Ilbo” сонинд Ким Жөн Уныг 12 дугаар сарын 12-14-ны хооронд Сөүлд айлчлахыг урьсан гэж мэдээлжээ. Ким Жөн Уны айлчлалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын ажил идэвхжсэн гэж тус сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Ийм мэдээлэл гарсантай холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчийн айлчлалын товыг одоогоор зөвшилцөөгүй байгаа гэдгийг нэг бус удаа мэдэгджээ. Харин “Chosun Ilbo” сонинд аюулгүй байдлын үүднээс хэдийд айлчлахыг мэдээлэхгүй байна гэдэг таамгийг дэвшүүлсэн аж.

Солонгос хооронд өнгөрсөн есдүгээр сард Пхеньянд хийсэн гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Өмнөд Солонгосын нийслэл хотод “ойрын хугацаанд” айлчилна гэж амласан билээ. Энэ айлчлалыг 2018 онд багтаан хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын төрийн тэргүүн дараа нь мэдээлж байв.
Холбоотой мэдээ