С.Эрдэнэ: АН бодлогын алдаа завхралыг засахын төлөө ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Ардчилсан намын IX Их хурал Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар АН-ын Үзэл баримтлалыг шинэчлэн батлах, Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргах, Улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргах зэрэг 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд нийслэл, орон нутгийн АН-ын 1040 төлөөлөгч оролцож байна.
Хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэлээ танилцууллаа. УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа АН дотоод шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн. Тухайлбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 45 хувь нь 39-өөс доош насны залуусаас бүрджээ. Энэ бол бодлого суурьтай төлөвшсөн АН-ын шинэ үеийн дүр зураг, агуулгын шинэчлэл юм. Энэхүү шинэчлэл цаашдаа тасралтгүй үргэлжилнэ хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ илтгэлийнхээ эхэнд онцолсон юм.
Тэрбээр, "Сонгуулийн дараа АН
сөрөг хүчний үүргээ амжилттай гүйцэтгэж, “60 тэрбум”-ын хэрэг, Төрийн өндөр
албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас их хэмжээний зээл
авсан асуудал зэргийг нарийн шалгаж, хариуцлага тооцож ажиллахыг МАН-ын удирдлагуудаас
шаардаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН нийт 3.5
тэрбум ам.долларын өр бий болгосон. Энэ мөнгөөр 73.6 мянга айл буюу Улаанбаатар
хотын гэр хорооллын 30 хувийг орон сууцтай болгох боломж байсан. Түүнчлэн
ЖДҮХС-гийн зээлийг жинхэнэ эзэнд нь хүргэж чадсан бол 90 гаруй мянган ажлын
байр шинээр бий болох байсан гэсэн тооцоолол ч бий. Энэ бүхний хариуцлагыг эрх
баригч нам хүлээх ёстой. Түүнчлэн 2016 оноос хойш ам.долларын ханш даруй 600
гаруй төгрөгөөр өсч, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн зэрэг
нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан олон асуудал гарц, шийдлээ хүлээж байна. Ардчилсан
нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж дуугүй суух эрхгүй. Сөрөг
хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхралыг
засахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм.
Хуралдаан үргэлжилж байна.