Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх саналын хариуг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-03 17:51:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт хариу илгээв.

Зөвшилцөх саналын тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-БСШУС-ын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Зөвшилцөх саналын тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ