Сайд Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-03 14:32:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БСШУС-ын сайд болон ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр, “ЗТХ-ийн  сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авсан. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон” гэлээ.

ЖДҮХС-гаас хөнгөлттэй зээл авсан асуудалд нэр холбогдсон Засгийн газрын бусад гишүүдэд хариуцлага тооцох эсэхийг сэтгүүлч нар тодруулахад, "Бусад сайд нар өөрийн хамаарал бүхий компани зээл аваагүй гэдгийг албан ёсоор тайлбарласан. Надтай холбоотой асуудал хүртэл яригдсан. Тиймээс миний бие уг асуудлыг нарийвчлан шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан" гэлээ. 

Холбоотой мэдээ