Махны борлуулах цэгт QR код уншуулснаар гарал үүслийг нь мэднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-01 16:38:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны лангуун дээрх QR кодыг уншуулснаар гарал үүслийг  мэдэх боломж бүрджээ.


Учир нь мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан гарал үүслийн гэрчилгээг зураасан кодоор олгож эхэлсэн байна.  Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгих тогтолцоонд шилжүүлэх ажлыг салбарын яамнаас эхлүүлсэн. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малчид хотноосоо малаа борлуулж, Номин худалдааны төвд махаа нийлүүлж эхэлжээ. Тус худалдааны төв малын өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй гэдэг нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд нядалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн махыг хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.


Ийнхүү гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан махыг "Номин Тав трейд ХХК" зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүртээ нийлүүлээд зогсохгүй "Шоколадница" сүлжээ рестораныхаа хоол хүнсэнд хэрэглэж байгааг дуулгалаа. 


Холбоотой мэдээ