Ямааны ноолуур, тэмээний ноосоор хийсэн гэрийн шаахай эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-29 14:28:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Ш.Бөндөгхорол ямааны ноолуур, цагаан тэмээний ноосоор гэрийн шаахай, гутлын улавч хийх бизнесийн санаагаа хэрэгжүүлсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, эрэлт өндөр байна.

Ямааны ноолуур, тэмээний ноосоор ийнхүү гэрийн шаахай үйлдвэрлэж байгаа нь  аймагтаа анхдагч нь бөгөөд эсгий шаахайтай харьцуулахад хөнгөн, зөөлхөн болж байгаа хэмээн хэрэглэгчид талархалтай байгаа аж. 


Өнгөрсөн намар болсон "Дундговь түншлэл" зах зээлийн өдөрлөгийн үеэр 150 улавч борлуулсан бол одоо "Дундговьд үйлдвэрлэв" дэлгүүр 100, Оюутолгой ХХК-иас 1000 улавчны  захиалга ирүүлээд байгаа ажээ. Харин өнгөрсөн зунаас хойш 100 гаруй гэрийн шаахай захиалгаар хийж нийлүүлжээ.

Ш.Бөндөгхорол өөрийн охин Л.Хулантай хамтран 2006 оноос “Далайн кашмер” бүлэг байгуулж, ноолуур, хонины ноосоор цамц, малгай, ороолт гээд төрөл бүрийн бэлэн хувцас нэхэж зах зээлд танигдаж эхэлснээс хойш үргэлж шинэ бүтээгдэхүүн гаргах талаар бодож, сэтгэж, хэрэгжүүлж, бүтээж яваа хүн юм.  Тус бүлэг ноолуур, торомны ноос, нарийн ноосоор хөнжил үйлдвэрлэж, аймаг, сум, Улаанбаатарын зах зээлд захиалгаар нийлүүлж иржээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд сумынхаа нутгийн зөвлөлтэй хамтран Япон улс руу хөнжлүүдээ экспортолж байна. “Далайн Кашмер” бүлийн үйлдвэрлэж байгаа эдгээр хөнжил нь хөнгөхөн, дулаахан байдгаас гадна хүний биед сөрөг, муу нөлөөгүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой гэнэ. 


Жил бүр Мандалговь хотноо зохион байгуулагддаг “Түншлэл” зах зээлийн өдөрлөгт оролцож, ноос, ноолууран нэхмэл хувцас болон ноолуур, торомны ноос, нарийн ноосон хөнжил зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ аймгийн “Брэнд” бүтээгдэхүүнээр шалгарч, “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлийг удаа дараа авч, тэргүүлж байжээ.   

Тус бүлэг ноолуур, тэмээний ноосон улавч болон шаахай үйлдвэрлэх цехдээ найман хүнийг ажлын байраар хангаж байна. 

Холбоотой мэдээ