Хяналтгүй хандив нь намуудыг хараат байдалд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-11-28 16:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “УИХ-д суудалгүй ч сонгуульд тодорхой хэмжээнд амжилт үзүүлэн оролцсон намуудад төсвөөс санхүүжилт олгодог больё” гэж өнөөдөр Нээлттэй нийгэм форум дээр болсон “Улс төрийн санхүүжилтийн эрхзүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг дээр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (IDEA)-гийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчерийн хэлсэн үг монголчуудын хувьд, манай нөхцөлд хачирхалтай содон сонсогдож байгааг үгүйсгэх аргагүй.

Үүгээр зогсохгүй, төсвөөс улстөрийн намуудад олгож буй санхүүжилтийн тодорхой хувийг эмэгтэйчүүд болон залуу гишүүд, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулах хэрэгтэй байна гэсэн үг харин манай нөхцөлд арай дөнгүүр наалдацтай дуулдаж байв. Тэрээр, Монголын улстөрийн санхүүжилтийн эрхзүйн орчны талаар хэлэхдээ, “Энд тулгамдаж буй гол бэрхшээл хүндрэл, учирч буй сорил нь хуулийн хийдэл их, хэрэгжилт хангалтгүй, ашиг сонирхлын зөрчил их байгаа зэрэг нь иргэдийн улстөрд итгэх итгэлийг бууруулж, эмэгтэйчүүд, залуусын оролцоог ханган шийдвэр гаргах түвшинд ажиллахад гол саад болж байна” гэсэн юм.


Дээрх сорилтыг давж гарахад олон улсын сайн туршлага, чиг хандлагатай зэрэгцэн дөхөх хэрэгтэй. Ингэхийн тулд эрхзүйн орчноо шинэчлэн сайжруулах шаардлагатай байна гэсэн юм. Энэ талаар манай улсад хийх шинэчлэл нь Улстөрийн намын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт онцолж байв. Энэ хуульд өөрчлөлт орж байж улс төрийн санхүүжилт гэдэг асуудал эрх зүйн орчинтой болно гэдгийг тодотгож байв. Тэгэхээр ямар шинэчлэл хийж, өөрчлөлтүүд орох талаар, “Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо хуульд заасны дагуу зардлын тайлангаа гаргаж өгдөг ч бодит байдал дээр цаана нь асар их хэмжээний зардал гардаг. Үүнийг яаж шийдэх вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлэх цаг нь болсон. Мөн хандивыг  хаанаас, хэнээс, хэдийг авч болохыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулж өгөх шаардлагатай. 

хандивыг хязгаарлаж, төрийн санхүүжилт, намын гишүүний татварыг цэгцлэхгүй бол хандивын хараат нам байсаар, одоогийн алдаа давтагдсаар байх болно”

гэж байв. Хандиваар дамжаад улс төрийн намууд нэг хүний, эсвэл томоохон компаниудаас хараат болох буюу бизнесийн бүлэглэлийн барьцаанд ордог. Хандиваас болоод албан тушаалд томилохоос аргагүй байдалд ордог зэрэг гажуудлыг хэрхэн шийдэх вэ. Намын татвар, сонгуулийн хандив, төрийн санхүүжилт зэрэг улс төрийн санхүүжилтийн арга хэлбэрийг тодорхой, ил тод хэлбэрт оруулахгүйгээр бусад алдаа дутагдлаа арилгах боломжгүй. Улс төрийн хоёр гол намд тулгараад буй энэ асуудал шинээр байгуулсан буюу бусад намын хувьд бүр ч эрсдэл дагуулна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байв.


Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (IDEA)-гийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчерийн үгийг дахин хүргэхэд, тэрээр, “Улстөрд хяналтгүй орж гарч буй санхүүжилт бүхий мөнгөний эх үүсвэр нь тодорхой байгаа нөхцөлд авлига цэцэглэхээс эхлээд Монголын ардчилалд ноцтой эрсдэл бий болгож байна” гээд энэ талаар Нээлттэй нийгэм форумын зүгээс хийсэн судалгааны дүнг дурдан танилцуулж байв.

Намуудын санхүүжилтийн талаар олон нийтийн санал бодлыг авснаас үзэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 86 хувь нь Монголын улстөрийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна гэсэн бол 79 хувь нь өнөөдрийн энэ тогтолцоо тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгож байна, 74 хувь нь сонгуулийн өрсөлдөөнийг бууруулж байна, 77 хувь нь нийгмийн олон талын төлөөлөл сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарлаж байна гэж үзжээ. Мөн судалгаагаар санал асуулгад хариулсан иргэдийн 67 хувь нь улстөрийн санхүүжилт ил тод биш байна гэж дүгнэжээ.

“Эмэгтэйчүүдийн хувьд улстөрд оролцоход саад бэрхшээл илүүтэй учирч байгаа бөгөөд тухайлбал, санхүүгийн нөөц боломж хомс байдаг нь улстөрий тэгш өрсөлдөх боломжийг хумих нөлөөлөл үзүүлдэг байна” гэж хатагтай Каталина Урибэ Бурчер хэлсэн юм. Улстөрийн тогтолцоог санхүүжилт болон эрхзүйн зохицуулалтын талаас авч үзэхэд улстөрийн намуудын хувьд хувийн томоохон хандивлагчидтай холбоотой бизнесийн ашг сонирхлын нөлөөнд автах эрсдэл өндөр байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Холбоотой мэдээ