Тамирчид 92 багц медалийн төлөө өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 11:13:36

Хэнтий аймгийн Чингис хотноо Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээн болж, 19 байгууллагын 250 гаруй тамирчид 92 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ жилийн тэмцээн Ардын боловсролын тэргүүний ажилтэн /АБТА,/ спортын мастер, бөхийн төрлөөр УАШ тэмцээнээс анхны медалийг Хан Хэнтий нутагтаа авчирч байсан О.Бямбаа багшийн нэрэмжит болсноороо онцлогтой ажээ

Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, Норовлин сумын Засаг дарга Н.Алтангэрэл, Хасумегават ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын заан Д.Хишигдорж тэргүүтэй олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ үеэр О.Бямбаа багшийн чөлөөт бөхийн спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Мөн урлагийн тоглолт, хүндэтгэлийн олон арга хэмжээ болсноос гадна Хэнтий аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Т.Амарбатыг спортыг дэмжигч "Хасумегават" ХХК-ийн зүгээс Хан Хэнтийн язгууртан хотхонд 1 өрөө байраар шагнаж урамшууллаа.

Тус тэмцээнд багийн дүнгээр 1-р байранд Л.Мөнхбаяр дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургууль, 2-р байранд Б.Эрдэнэцогт дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, 3-р байранд П.Сугар дасгалжуулагчтай Хэрлэн 4-р сургууль тус тус байр эзэллээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ