Ерөнхий сайд нүүрсний тээврийн компаниудад жолооч нарын цалинг нэмэх шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний экспортын дийлэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр сүүлийн 20 гаруй хоног зогсож, 7000 орчим машин 137 километрт түгжрээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэр гаргалаа.
Тодруулбал жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад богино эргэлтээр буцах юм. Ингэснээр олон хоногоор түгжрэл үүсгэхээргүй болж байна. Мөн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт дээрх чиглэлд явж буй жолооч нарын орчин, эрүүл мэндэд анхаарахыг үүрэг болгов.Төмөр зам, авто замын ажлыг яаралтай өрнүүлэх, дээрх чиглэлд 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолбор байгуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах талаар чиглэл өгчээ.
Дашрамд дурдахад Засгийн газрын тэргүүн нүүрсний тээврийн 161 компанид жолооч нарын цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлээд байгаа аж.
Зам тээврийн хөгжлийн яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж буй аж.
Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.