Б:Мөнхбат: “Агтана хүрээт” наадмаар дамжуулан Сүхбаатар аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-21 15:24:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17,18-ны өдрүүдэд Дарьганга суманд зохион байгуулагдсан “Агтана хүрээт-2018” наадмын ач холбогдол, үр дүнгийн талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатаас асууж тодрууллаа. Тэрээр хэлэхдээ энэхүү арга хэмжээгээр дамжуулан Сүхбаатар аймагт хил орчмын тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хамгийн том зорилго, ач холбогдол гэлээ.


-Аймгийн ИТХ-аас санаачлан Сүхбаатар аймгийг Монгол адууны өв соёлын төв болгон зарласан. Ямар үндэслэл монгол адууны өв соёлын төв болгон зарлах болсон юм бэ?

-Бид бол нүүдэлчин монголчууд, хэдэн зууны тэртээг морьтойгоо хамт туулж ирсэн ард түмэн. Гэтэл орчин үед морины хэрэглээний соёл илт буурсан. Малчдын амьдрал ахуй сайжирч, техникийн хэрэглээ асар хурдтай хөгжиж байна. Энэ хэдий сайн ч нөгөө талаараа монгол ахуй соёл маань гээгдэж, түүнээсээ холдох байдал ажиглагдаж байгаа юм. Тиймээс хуучны үнэт өв соёлоо дахин түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, морины хэрэглээний соёлыг залуучуудад дахин нэвтрүүлэх, цаашлаад монгол адууны соёлыг дэлхий нийтэд сурталчилах зорилгоор бид Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв болгон зарласан. Ингэхдээ зүгээр хурлын дарга санаачлаад баталчихсан зүйл байхгүй. Уяачидтайгаа хоёр шатны хэлэлцүүлэг хийж, санаа бодлоо солилцсоны үндсэн дээр Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв болгон зарлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, аймгийн ИТХ-аар батлуулсан.

-Сүхбаатар аймгийг Монгол адууны өв соёлын төв болгон зарласантай холбоотойгоор хэдхэн хоногийн өмнө Дарьганга сум Шилийн богд хайрханы энгэрт "Агтана хүрээт-2018" наадам анх удаа зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээний гол ач холбогдол бас үр дүн юу байв?

-Монгол адууны өв соёлын төв болгон зарласантай холбоотойгоор мэдээж монгол морьтой холбоотой ямар нэг арга хэмжээ зохион байгуулах ёстой гэж үзсэн. Ингээд морины хэрэглээний соёлоо сурталчлах ажлаа эхлүүлэх, цаашлаад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг үүнтэй хослуулан хийсэн юм. Алтан-Овоо, Шилийн богд гэдэг бол манай аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, нөгөө талаар хил орчмын аялал жуулчлалын батлагдсан бүс нутаг учир арга хэмжээгээ Шилийн богдод хийсэн. Хамгийн гол ач холбогдол бол энэ наадмаар дамжуулан бид Сүхбаатар аймагт хил орчмын, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Манай улсыг гадаадын жуулчид ихэвчлэн дулааны улиралд зорин ирдэг. Учир нь жуулчдыг татах өвлийн тогтсон уламжлалт арга хэмжээ байдаггүй шүү дээ. Тэгвэл энэ ажлыг Сүхбаатарчууд эхлүүлж байгаа юм. Магадгүй "Агтана хүрээт" наадам, олон улсын фестиваль Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болохыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр цаашид уламжлал болгон зохион байгуулна гэсэн үг үү?

-Тийм. Анхдугаар наадамд өөр аймаг улсаас тэмцээнд нь оролцмоор байна гэдэг саналыг маш их ирүүлсэн. Тиймээс бид ирэх жил үүнийгээ зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг авах шаардлагатай. Энэ удаагийн наадамд дэмжлэг хүссэн ч олгогдоогүй. Аймгийн төсвөөс болоод моринд хайртай хүмүүсийнхээ хандив тусламжаар анхдугаар наадмаа зохион байгууллаа.


-Монгол адууны хэрэглээний соёл жуулчдыг татах зүйл мөн үү?

-Монголыг дэлхий нийтээр Чингис хаан, түүний баатруудаар л мэднэ. Гэтэл бид Чингис хаанаа, нүүдэлчин соёлоо дэлхий нийтэд зөв сурталчилж, түүнийгээ давуу тал болгон ашиглаж чадаж байна уу гэвэл үгүй. Уг нь бидний жуулчдыг татах гол зүйл бол энэ юм шүү дээ. Сүхбаатар аймгийн тухайд гэвэл аялал жуулчлалыг тийм ч сайн хөгжүүлж чадахгүй байна. Уул уурхайн баялагийг илүүд үзэхийн оронд аялал жуучлал тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал жинхэнэ хөгжлийн гол үндэс болох учиртай. Мэдээж монгол адууны соёл жуулчдыг татах зүйл мөн байлгүй яахав. Өвлийн тэсгим хүйтэнд монгол адуучид хэрхэн зохицон амьдарч байна, цас орсон үед уул толгод, байгаль дэлхий ямар үзэсгэлэнтэй харагддаг билээ, бүр нарийн хэлвэл адуу малны үс цантсан байдал, монголчуудын өмссөн хувцас хүртэл гадаадын жуулчдад сонин содон харагддаг. Бид бүхний өдөр тутамдаа хардаг зүйлийг урлаг уран сайхан, уламжлалт зан үйлтэйгээ холбосноор жуулчдын анхаарлыг татах зүйл болж чадаж байгаа юм. "Агтана хүрээт" наадамд оролцсон гадаад дотоодын жуулчид үнэхээр сэтгэгдэл өндөр буцсан.

-Энэ удаагийн арга хэмжээнд хичнээн жуулчин ирэв?

-Наадмын мэдээлэл олон улсад их хожуу хүрсэн. Гадаад жуулчдын хувьд иймэрхүү зүйлд ирж оролцохын тулд хэдэн сарын өмнөөс бэлтгэх шаардлагатай болдог. Гэхдээ анхдугаар наадамд зөвхөн гаднаас гэхэд 70 орчим жуулчин ирсэн. Үүний 20 орчим нь гэрэл зурагчин, бусад нь үзэж сонирхохоор ирсэн жуулчид байсан. Дотоодын жуулчин бол олон ирсэн. Нэг бэрхшээл гэвэл гадаадын жуулчдын визний асуудал хүндрэлтэй байлаа гэж ярьсан. Аялал жуулчлалын паспортын зөвшөөрлийг Бичигтийн боотмоор олгодоггүй учир үүнээсээ болоод ирж чадаагүй жуулчид олон байсан гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тэгэхээр цаашид аялал жуулчлалын паспортыг зөвшөөрчих юм бол хил орчмын аялал жуулчлал асар хурдацтай хөгжих боломжтой гэсэн үг.

-Тэгвэл энэ аялал жуулчлалын паспортыг дахин олгодог болох боломжтой юу?

-Уг нь хуучин байсан юм. Замын-Үүдийн боомтоор ийм паспорт үйлчилдэг. Тус боомтоор нэг жилд өдрийн жуулчин 15 мянгыг нэвтрүүлж, хүлээн авсан байдаг. Манай аймаг ч өмнө нь үүнийг амжилттай хэрэгжүүлж байсан. Тэгэхээр дахин сэргээхэд болохгүй гэх зүйлгүй.


-“Агтана хүрээт-2018” наадмын үеэр яг ямар арга хэмжээнүүд болсон юм бэ?

-Сум сумаас шалгарсан шилдэг 14 адуучны Хүлэгч эрс тэмцээн, олон улсын гэрэл зурагчдын фестиваль, монголын уламжлалт гал өдөөх зан үйл буюу галын наадам, урлаг соёлын тоглолт гээд олон арга хэмжээ энэ үеэр болсон. Мэдээж гадаад дотоодын жуулчид ирсэн учир онцлог зүйл харуулахыг их зорьсон. Гэрэл зургийн фестивальд БНХАУ-ын гэрэл зургийн холбооны төлөөлөгчид, ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин, Авга хошуу, Хөх хот, Шилийн гол аймаг, АНУ болон Монголын гэрэл зурагчид ирж оролцсон. Эдгээр гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээ наадмын үеэр дэлгэн танилцуулсанаас гадна хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээг гэрэл зургийн хальснаа буулгасан байгаа. Бид үүнээс шилдэг гурван гэрэл зурагчныг шалгаруулах болно. Энэ уралдааны дүн зарлагдах хараахан болоогүй байгаа. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хүрээлэн төслийн баг хамт олон, ӨМӨЗО-ы Одон телевизийн уран бүтээлчид ирж манай наадмыг сурвалжилсан. Тэгэхээр Монгол Улс тэр дундаа Сүхбаатар аймгийг дэлхий нийтэд таниулах, жуулчдад сурталчилах ажил амжилттай эхэлсэн гэж хэлж болно. Мөн хүлэгч эрсийн тэмцээн болоод гэрэл зургийн уралдааны эхний гурван байрын шагналтнуудыг ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны "Мөнгөн өвөл" цасны баярт оролцох эрхээр шагнах юм. Тэд тэнд очоод хөрш зэргэлдээх орны соёл уламжлалтай танилцаж, харилцан туршлага судлах болно.


Холбоотой мэдээ