“Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийн эхний шат бодит үр дүн өгсөн гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 14:10:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, БСШУСЯ, мөн БОАЖЯ-ны хамтарсан санхүүжилтээр Сэлэнгэ аймагт хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” төслийн үр дүнг хэлэлцлээ.

Сэлэнгэ аймагт Швейцайрийн хөгжлийн агентлагаас нийтдээ гурван төсөл амжилттай хэрэгжисэн байгаа. Эдгээр төслүүдийн хоёр нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын III, IY сургуулиуд дээр үлдсэн нэг төсөл нь аймгийн ГБХЗХГ-ын дэргэд Шаамар сумын үзэсгэлэнт нутагт “Байгаль дахь сургалтын төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн пүрэв гарагт болсон “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” төслийн тайлангийн үеэр багууд төслөө хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ажилласан тухайгаа төслийн удирдлагуудад нэг бүрчлэн танилцуулсан юм. Сэлэнгэ аймагт хэрэгжсэн төслүүдийн хувьд бүгд үр дүнгээ өгчээ. Тодруулбал: Сүхбаатар сумын Улсын тэргүүний IY сургууль дээр хэрэгжиж байгаа “Дугуйтай-Сэлэнгэ” төслийн хүрээнд хамгаалалтын малгай өмсгөл бүхий 20 ш дугуйтай болсноор тус сургуулийн сурагчид зуны амралт болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгальд ээлтэй аялал зохион байгуулах, бусдыг дугуйн аялалд татан оролцуулах зэрэг олон эерэг нөлөөллийг бий болгон ажилласан байна. Өнөөдрийн байдлаар “Дугуйтай-Сэлэнгэ” төслийн үр дүнд 200 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Харин Сүхбаатар сумын III сургууль дээр хэрэгжсэн “Нарлаг сургууль” төсөл нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж цахилгаан гаргаснаар гаднах гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж чаджээ. Мөн сургууль дотроо үүдний хэсэгт жийдэг дугуй байршуулж ажиллуулсанаар цэнэг хуримтлагдаж  биеийн тамирын зааланд байрлах шүршүүрийн усыг халааж, халуун усанд орох боломжтой болсон байна.

Харин гурав дахь төсөл болох аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Байгаль дахь сургалтын төв” нь зуны улиралд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”, “Зөгийн аж ахуй эрхлэлт”, “Монгол өв соёл”, “Эрүүл мэнд” гэсэн дөрвөн өртөөгөөр дамжуулан урин дулааны улирал буюу зуны цагт ойролцоогоор 300 орчим хүүхдэд амрангаа амьдрах ухааны боловсролд суралцах боломжийг бүрдүүлэн ажиллажээ.

 

Холбоотой мэдээ