Малын түүхий эдийг нэгдсэн байдлаар худалдаж борлуулах гарцыг хайна

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 18:47:22

Энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян  тосгоны малчид чууллаа.

Зүүнбаян баг болон тус бүс нутгийн малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйтай холбоотой цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх зорилготой тус зөвлөгөөнийг Зүүнбаян багийн Ажлын алба санаачлан зохион байгуулсан юм.

Малчид энэхүү зөвлөгөөнөөр малын түүхий эдийг нэгдсэн байдлаар худалдаж борлуулах гарцыг хайх,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцин тарилгыг хугацаанд  нь зохион байгуулах зэрэг цөөнгүй асуудлыг хэлэлцсэн бөгөөд Зүүнбаян багийн малчдын хоршоо байгуулах ажлыг даруй эхлэхээр шийдэрлэсэн аж.

Мөн Хоршооны удирдах зөвлөлийг байгуулж тэргүүлэгч гишүүдээр Ц.Эрдэнэчимэг, Д.Данзандорж, Н.Лхагвадорж, Д.Норсүрэн, Ж.Сарангэрэл, М.Бямбабаяр, Л.Оюунбэлэг, Э.Алтанболд, У.Төмөрчөдөр нарыг сонгов.  Малчдын энэхүү байнгын зөвлөгөөнд Дорноговь аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн дарга Ө.Насан-Өлзий, Сайншанд сумын Засаг даргын орлогч  Б.Батцэнгэл болон нэг цэгийн үйлчилгээний ажилтнууд, Монголын Нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны тэргүүлэгч гишүүн Ц.Эрдэнэбаатар нар оролцсон юм. 

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд