Дөчөөс дээш насны иргэд эрүүл мэндийн үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 12:01:01


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс 40, 45, 50, 50, 60, 65 насны иргэдэд 50 000 төгрөгийн өртөг бүхий гурван төрлийн багцаас сонгон эрүүл мэндийн үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдах боломж олгоод байна. Увс аймгийн тухайд дээрх насны 3364 иргэн энэхүү үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.

Эдгээр иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол иргэний үнэмлэхээ үзүүлэн ЭМНДХ-ээс эрхийн бичгээ авсны дараагаар хувийн эмнэлгүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг оношлогоогоо хийлгэх бүрэн боломжтой байна.

“40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол эрхийн бичгээрээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж үзлэг оншлогоо хийлгэх боломжтой. Эрүүл мэндийн үйлчилгээний гурван багц бүхий энэхүү эрхийн бичгийн нэгдүгээр багцад даатгуулагчийн элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвсэлт өвчин, хоёрдугаар багцад 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөлийг, гуравдугаар багц нь элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд тухайн даатгуулагч өөрийн эрүүл мэндийн байдалдаа тохируулан хэрэгцээт багцаа сонгон үзлэг оношлогоонд хамрагдах юм” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн даатгалын эмч А.Цэцэгбал хэллээ. 

Холбоотой мэдээ