Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 13:30:46

 


   Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн 18-аас дээш насны иргэд энэ оныг дуустал эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрт илрүүлгийн багцын үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өндөрхангай, Өмнөговь, Баруунтуруун сумдын Сум дундын эмнэлгүүдэд хийж байна.

Мөн “Жаргалан”, “ЭБАЖИ”, “Онош”, “Гэгээн булаг” зэрэг хувийн эмнэлгүүдэд лабораторийн шинжилгээг авч байгаа аж. Өнгөрсөн жил 40-65 насны иргэдийг насны ангилалаар энэхүү үзлэгт хамруулсан бол энэ жил 18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа нь хүн амын дунд түгээмэл буй аливаа өвчлөлийг эрт үед нь  илрүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул иргэд үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна.

“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийхээр гэрээ байгуулсан эмнэлгүүдийн төлөөллүүдийг оролцуулсан сургалтыг ЭМДЕГ-аас Увс аймагт саяхан зохион байгуулсан. Сургалтаар 18-аас дээш насны иргэдэд хүрэх энэхүү эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг иргэдэд чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх, иргэдийн хамрагдалтыг сайжруулах чиглэлд  анхаарч ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн” хэмээн аймгийн НДХ-ийн ажилтан Б.Бумбаяр хэллээ.

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар  эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулахаар болсон байна. Ингэхдээ 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насны гэсэн ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулах юм байна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах аж. Тухайбал, 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн илрүүлэг үзлэг орох бол 40-өөс дээш насны даатгуулагчид найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамрагдах юм байна.

 

Холбоотой мэдээ