Монгол бахархлын өдрөөр “Чингисийн одон” олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2018-11-03 15:50:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр хэмээн үзэж “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.


Эл өдөр хийсэн бүтээснээрээ шалгарсан нэг эрхэмд Төрийн тэргүүн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Энэхүү одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэй хүртээж байхаар тусгажээ.

Энэ жилийн бахархлын өдөр энэ сарын 08-ны пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэжээ.

Энэхүү одонгоор 2005 оноос хойш нийт 11 хүнийг шагнасан байна. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт Н.Түвшинбаяр нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.



Холбоотой мэдээ