Амжилтын эздээрээ бахархлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 21:58:10


   Увс /МОНЦАМЭ/. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн удирдлагууд өчигдөр амжилтын эзэддээ талархал илэрхийлж, мөнгөн шагнал гардуулан, амжилтыг нь  мялаасан сайхан үйл явдал боллоо. Тус сургуулийн 22 сурагч энэ жил улс, ази тив, дэлхийн хэмжээний томоохон олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал, улсын чанартай олимпиадаас долоон алт, найман мөнгө, найман хүрэл медаль, Азийн аваргаас дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, Дэлхийн аваргаас хоёр тусгай байрыг тус сургуулийн сурагчид хүртжээ.

“Манай сургуулийн сурагчид Увс аймгийн боловсролын салбарын чанарыг илтгэсэн олон амжилтыг гаргаж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд сурагчдынхаа гаргасан амжилтаар бахархах, тэднийг цаашид илүү их амжилт гаргах урам зориг, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилгоор энэхүү талархалын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд манай сургуулийн сурагчид улсад төдийгүй, ази тив, дэлхийн хэмжээний амжилт гаргасан. Улсын тэргүүний сургуулиараа овоглож, эрхэм алдрыг нь өндөрт өргөсөн  амжилтын  эздээрээ бид бүхэн бахархаж байна” хэмээн тус сургуулийн захирал Г.Цэрэндулам хэллээ.

Олон арван эрдэмтэн докторууд, төрийн өндөрлөгүүд, спортын алдартнууд, урлаг соёлын авьяастнууд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулиас төрөн гарсан юм. 

Холбоотой мэдээ