Төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав.
Уг тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс ирүүлсэн хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг тусгаснг Д.Оюунхорол гишүүн чуулганд танилцуулав. Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагад үүрэг өгөх уг тогтоолын төсөлд "улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан журмыг мөрдөж ажиллах” заалтыг шинээр тусгажээ. Мөн “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, “хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төсөвт тусгасан хөрөнгийг зарцуулахад салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгийг гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах” гэсэн дэд заалт нэмэх санал тус тус дэмжжээ.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.