Ирэх онд нийслэлд 454 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-31 08:29:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан түлш нөөцлөн түгээж, борлуулах цэгүүдийг дүүрэг бүрт байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зэргээр нийслэлээс 2019 онд 454 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар өнөөдөр хуралдаж буй НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж байна.

Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална. Энэ онд Үндсэн чиглэлийн хэрэгжилт 86.7 хувийн биелэлттэй байгаа гэж үзжээ. Хуралдааны үеэр холбогдох албаныхан Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулж байна.


Ирэх онд агаарын чанарын хяналтын суурин харуулд шинээр гурван төрлийн тоног төхөөрөмж суурилуулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар халаалтын 70 зуухыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг ч эхлүүлэх юм.


Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ онд УИХ, Засгийн газрын гурван тогтоол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн удирдлага 2018 оны төсөвт 3.4 тэрбум төгрөг төсөвлөж, боловсруулсан түлш нөөцлөх, түгээх, бэлтгэл ажлыг хангах, техник, технологийн мэдээллийн төв байгуулах, төрийн өмчийн 10 хорооны барилгыг байгаль орчинд ээлтэй технологиор шийдвэрлэх, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх, иргэдэд экологийн боловсрол олгох, хяналт шалгалт хийх, сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах, галт тэрэгний галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилт  технологи турших зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн сайжруулсан түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэн шинэ үйлдвэр барих ажил эхлүүлж, агуулах байгуулахаар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ