Баруунтуруунчууд аймгийн төвд сумаа сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-30 17:44:09


   Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумыг сурталчлах “Турууны намар” арга хэмжээ Улаангом хотноо болж байна. Энэ хүрээнд өнөө өглөө аймаг сумын цолтой 32 бөхийн барилдаан болсон бөгөөд үүнд Түргэн сумын харъяат, “Тоосгон-Уул” ХХК-ийн бөх, аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, Наранбулаг сумын харъяат, “Нэтэнт” ХХК-ийн бөх, аймгийн харцага М.Улаанхүү үзүүрлэлээ.


Харин их шөвөгт Баруунтуруун сумын харъяат, “Увс нуур”галын бөх, аймгийн заан О.Түмэн, Тэс сумын харъяат, аймгийн нэмэх начин О.Баярцогт нар шалгарч үлдсэн юм. “Турууны намар” арга хэмжээний хүрээнд Увс аймгийн шилдэг зургаан багийн гар бөмбөгийн тэмцээн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Турууны намар” сумын авьяастнуудын тоглолт аймгийн БТСГ-т болж байна.

Увс аймгийн Баруунтуруун сум нь 1959 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь 1943 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Баруунтурууны САА хэмээн байгуулагдаж байжээ. Тус САА улсад зургаан удаа шалгарч, 1979 онд атар газар эзэмшсэний 20 жилийн ойгоор улсад 1 дүгээр байр эзэлж алтан цомоор шагнуулж, БНМАУ-ын Аварга САА болсон түүхтэй байна. Тус сумаас Хөдөлмөрийн баатар зургаа, Улсын ургацын аварга 37, Улсын сайн малчин хоёр, Улсын аварга, арслан, начин, Олимпийн медальтнууд зэрэг алдар гавьяатнууд төрөн гарчээ


Тус сум 329,2 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд түүний ихэнхэд нь газар тариалан эрхэлдэг юм.

Холбоотой мэдээ