“Баялаг бүтээгчдийн холбоо”-ноос ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-29 14:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ очихгүй байгаа нь төрийн өндөр албан тушаалтнуудын харилцан хамаарал бүхий компаниуд сонгон шалгаруулалт нэрийн доор хуваан авдаг, үүнд олон нийтийн хяналт байхгүйд оршиж байна” гэж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр өнөөдөр мэдэгдэв.

Улмаар Засгийн газрын тэргүүнд 4 зүйлийн шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Үүнд:

  • ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв, шударга явж буйд шалгалт хийж, үр дүнг олон нийтэд мэдээлэх,
  • Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох,
  • Ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг эргэн яаралтай буцаан төлүүлэж, хариуцлага тооцох,
  • ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталсан ЖДҮ-гийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл, сонгон шалгаруулах журам”-ыг яаралтай шинэчилж, энэ талын хороонд салбарын ТББ, олон нийтийн хяналтыг түлхүү оролцуулах гэсэн байна.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын гишүүн С.Удвалцэцэг хэлэхдээ, “Би ЖДҮ эрхлэгчийн хувьд зээл авах гэж хамаг хөрөнгөө барьцаалан сар явж байхад эрх мэдэлтнүүд 7-14 хоногт зээл авч байна. Гэтэл зээл хүртэх жинхэнэ эзэд нь зээлээ авах гэж дор хаяж 30-90 хоног явж байна.

ЖДҮ-ийн зээл эзэндээ очихгүй дээгүүрээ үгсэн хуйвалдаж хүртэхээс гадна ЖДҮ-ийн хуулиас “бичил” гэсэн заалтыг хасч авах гэж байна. Энэ бүхнээс харахад ЖДҮ-гийн хууль улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөдөө зориулж гаргасан УИХ-ын гишүүд, сайд нарын компанийн хууль болж хувираад байна.

Үүнийг хууль дахь ЖДҮ гэж тухайн компанийн орлогоор бус ажиллаж буй хүний тоогоор тооцно гэсэн (хуулийн 5.3-ын) заалт нэг талаар баталж байна. Өнөөдөр 5 тэрбумын орлого олдог хэрнээ 5-хан ажилтантай сайдын эхнэрийн компани байж л байна. Тийм л компаниуд ЖДҮ-ийн хөгжүүлэх сангий зээлийг тэрбум тэрбумаар нь авч байна. Үүнийг зогсоохын төлөө бид тэмцэнэ” гэсэн юм. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, ЖДҮ-ийн сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд яам, ЖДҮ-ийн сангаас гишүүд байдаг, харин олон нийтийн төлөөлөл байхгүй гэж хэлж болно. Учир нь энд “Их өгөгдлийн шинжилгээ” гэсэн нэртэй ТББ байдаг гэх боловч тэр нь хяналт тавих бус сургалт явуулдаг компани байгаа” гэв.


“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ирэх оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарлахаар төлөвлөж, энэ онд топ 100 ААН болон төр, засгийн байгууллагуудад үндэсний үйлдвэрлэгчдийн эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээс өөрсдөд хэрэгтэй, шаадлагатай байгааг худалдан авах уриалга гаргасан боловч энэ байдал хангалтгүй хэмжээнд хэрэгжиж байгааг мэдэгдэв. Энэ талаар Засгийн газрын тогтоол бий, Тендерийн хуульд хүртэл заасан байгаа боловч энд төрийн яамд харилцан адилгүй байдлаар хандаж хэрэгжүүлэхгүй буйг хэлж байв. Жишээ нь, БХЯ, ХЗДХЯ эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авч, энэ талаар идэвхтэй ажиллаж байхад ЭХЯ болон ГХЯ энд тааруу оролцож байна. Тиймээс ЖДҮ-ийн хуульд “..Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ-ийг дэмжих үүднээс тэднээс худалдан авна..” гэсэн заалтыг оруулж тусган хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж байв. Өнгөрсөн 2017 онд төрийн худалдан авалт 47.8 тэрбум төгрөг байжээ.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

 

 

Холбоотой мэдээ