Сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсъё”  өдөр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:50:44

Дорнод аймгийн Засаг дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсъё”  өдөр болголоо. Энэ өдрөөр аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагууд сургуулийн сурагчидтай уулзалт зохиож, тэдний үгийг сонсох юм байна.

Энэ сарын 1-ний өдөр аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс Улсын тэргүүний 10 жилийн нэгдүгээр сургуулийн Ц.Ганчимэг багштай 11 г ангийнхантай уулзалт ярилцлага зохиов. Тус хэлтсийнхэн мэргэжлээ хэрхэн сонгох, орон нутгаа хөгжүүлэх талаар хүүхдүүдийн бодол санааг сонсч харилцан ярилцсан байна.

Хүүхдүүд гудамжны гэрэлтүүлгийг нэмэх, хог хаягдлыг цэвэрлэх, дугуйн замтай болох гэхчлэн нутаг орныхоо төлөө сэтгэл зовниж явдаг олон асуудлыг хөндөж тавьж, аймгийн удирдлагуудын сонорт хүргэжээ. Дорнодын хүүхдүүдийн өмнө нэн тулгамдсан асуудал бол хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх таатай орчин дутагдалтайг энд бас хөндөв.

Бүх шатны удирдлагуудын анхаарлыг хүүхэд тийш хандуулах, тэдний саналыг ажил хэрэг болгох гэхчлэн энэ ажлын эцсийн үр дүн их байгааг оролцогчид тэмдэглэж байсан юм.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ