Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-29 21:51:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 242 хүн гэмт хэрэгт холбогдож 384 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 128 гарсан байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 0,3 хувиар буюу 1 тохиолдлоор нэмэгдсэний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3,0 хувиар буюу 4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Аймгийн Цагдаагийн газар нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 10 дугаар сарын 27-нд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам“ сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион явууллаа. Энэ хэлэлцүүлгийн үеэр дээрх баримтуудыг дурдсан юм.


Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн гарын авлага /товхимол/ бэлтгэн иргэдэд хүргэхээр төлөвлөж байна.


Хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Жамбалсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа А.Ариунаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, Багшийн сургууль, МСҮТ, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан зэрэг нийт 19 сумын 38 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 180 хүнийг хамрууллаа.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ