Хуримтлалын өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-29 08:59:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкнаас зарласан “Хуримтлалын аян”-ы хүрээнд өнөөдөр Төрийн банкнаас харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулж байна.  

Энэ өдөр хуримтлалтай байхыг ашиг тус, хуримтлал үүсгэх, хуримтлалтай байх нь өрх гэр, улс орны эдийн засагт ач холбогдолтой байдаг талаар иргэд, харилцагч олон нийтэд хүргэж сурталчлах юм. Өдөрлөгийн үеэр мөн харилцагчиддаа санхүүгийн боловсролын болон цахим банкны үйлчилгээний талаар сургалт, зөвлөгөө өгнө.

 

2018 оны Дэлхийн Хуримтлалын өдрийг угтсан “Хуримтлалын аян”-ы нээлт Монголбанкинд аравдугаар сарын 22-нд болсон бөгөөд 11-р сарын 2 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулах талаар мэдээлсэн юм.

Тодруулга: Монголбанк, Сангийн яам, СЗХ, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, Монголын Банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн 2017 онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан юм. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг олон улсад 1924 оноос, манай улсад 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.  


Б.Болд

 

Холбоотой мэдээ