Инженерийн боловсрол олгох сургалтын 20 хувийг үйлдвэрлэлийн дадлага эзэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАж үйлдвэрийн салбар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хоорондын “Монголд бэлтгэгдсэн дэлхийн түвшний инженер” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудлын уулзалтын танхимд болов.
Энэхүү арга хэмжээний хүрээнд МГТИС-аас Монгол дахь инженерийн боловсрол олгох сургалтад нэвтрүүлж буй “Үйлдвэрийн дадлагын шинэлэг концепци”-тай танилцах боломжийг аж үйлдвэрийн компаниудад олгосон юм.
Уулзалтын үеэр хөдөлмөрийн салбарын олон улсын тэргүүлэгч мэргэжилтнүүд мэдлэгээ хуваалцаж, компаниудын төлөөлөлтэй танилцсан туршлагаасаа суралцан санал солилцсон бөгөөд тэдний саналыг тусгасан энэхүү “Үйлдвэрийн дадлагын шинэлэг концепци”-ийг бусад их дээд сургуулиуд ч цаашид загвар болгон ашиглах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв.
Удирдах зөвлөлийн орлогч дарга Ч.Энхзаяа “МГТИС-ийн үйлдвэрийн дадлагын шинэлэг концепцид германы их сургуулиудын туршлагад үндэслэн олон улсын стандартын дагуу боловсруулсан МГТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг бүрэн тусгасан.
Үйлдвэрийн дадлага нь оюутан болох эхний өдрөөс эхлээд сургуулиа төгсөх хүртэл үе шаттай үргэлжлэх бөгөөд МГТИС-ийн оюутнууд зургаан долоо хоногийн суурь дадлага, 14 долоо хоногийн мэргэжлийн дадлага, 15 долоо хоногийн төслийн дадлага хийснээр нийт сургалтын хугацааныхаа 20 гаруй хувийг үйлдвэр дээр дадлагажин суралцаж, танхимд сурсан онолын мэдлэгээ өөрийн ажлын байран дээрээ хэрэглэх бодит чадвар болгож авахад зориулагдсан" гэв.
Тус уулзалтаар мэргэжлийн боловсролыг нийгэм, эдийн засгийн ялангуяа хувийн хэвшлийн болон иргэдийн тухайн үеийн хэрэгцээ шаардлагад тоо болон чанарын хувьд байнга нийцүүлж байх шаардлагатай гэдгийг онцлосон юм.
С.Сайнзаяа