Намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-25 18:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуулинд  оролцогч талуудын хооронд маргаан үүсэх,  ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэл үүсдэг. Тэгвэл үүнд шийдэл олохоор  Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Энэ хүрээнд  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын  сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Дээрх бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг  С.Бямбацогт гишүүн ахалж буй юм.

 УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: “1992 онд шинэ үндсэн хууль баталснаас хойш хойш 7 удаагийн сонгууль болсон. 26 жилд нэлээн туршлагжлаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль тус тусдаа хуультай явж ирсэн. 2005 онд АН гурван сонгуулийг нэг хуулиар явуулах Сонгуулийн тухай хууль баталсан. Гэтэл нэг хуулиар 3 өөр сонгуулийг явуулах боломжгүй гэдгийг өнгөрсөн сонгуулиуд харууллаа. Тодруулбал 2006 оны сонгуулийн дүнгээс үзэхэд 600 гаруй маргаан гарсан байдаг.  Улмаар сонгогчдын саналаар  бус шүүхийн тогтоолоор УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч болсон тохиолдол ч бий. Харин одоо сонгогчдын саналыг худалдан авах, шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгаа  зэрэг асуудлыг  шинээр боловсруулж буй Сонгуулийн тухай хуулинд тусгахаар ажиллаж байна. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг ч тусгах ёстой” хэмээв.

Сонгуулийн тухай  хуулийн төсөлд тусгаснаар нэгдсэн хуулийг  гурван хэсэгт хувааж буй аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль тус бүрийн онцлогт тохирсон хуулиар зохицуулж явуулах төдийгүй зөвхөн ард түмнээс сонгогдох заалтуудыг тусгаснаараа онцлогтой гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр сонгуулийг шударга  явуулах нөхцлийг бий болгохын тулд хариуцлагын  асуудлыг нэг бүрчлэн тусгах, жендерийн асуудлыг орхигдуулахгүй байх, улс төрийн намууд, иргэд сонгогчдод  тэгш үйлчлэхэд чиглэсэн байх, намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох, хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг эгүүлэн татдаг байх зэрэг заалт оруулах нь чухал гэв. Мөн хэлэлцүүлэгт оролцогсод сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдлыг арилгахын тулд бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох, айлын хаалга татаж сурталчилгааны материал тараадаг байдлыг болих шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ