Ерөнхийлөгч Д.Трамп алга болсон сэтгүүлчид санаа зовж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-09 10:08:33

МОСКВА./ТАСС/. Энэ сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар очсоныхоо дараа алга болсон сэтгүүлч Жамаль Хашкажид санаа зовниж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.  


“Саудын Араб сэтгүүлч Хашкажийн алга болсон явдалд би санаа зовж байна. Энэ үйл явдал надад таалагдахгүй байгаа юм. Одоогоор энэ талаар хэн ч юу ч нарийн мэдэхгүй байна” хэмээн Д.Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна.


Сэтгүүлчийн алга болсон хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн даваа гарагт Туркийн гадаад хэргийн яам Саудын Арабын элчин сайд Валид Абдель Карим Аль-Харижиг дахин дуудсан бөгөөд Истанбул дахь Ерөнхий Консулын газар нэгжлэг явуулахыг хүссэн байна.


Саудын Араб гаралтай сэтгүүлч Хашкажи нь Саудын Арабын эрх баригчдын баримталж буй одоогийн бодлогыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн бөгөөд 2017 онд тэрбээр эх орноосооо явж, АНУ-д суурьших болсон юм. “The Washington Post” сонинд тэрбээр Саудын Арабын нөхцөл байдал, тус улсын дотоод бодлогод дүн шинжилгээ хийсэн нийтлэлүүдийг байнга бичдэг нэгэн аж. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ