Ч.Хүрэлбаатар: Манай Засгийн газар гадаад, дотоодоос өндөр хүүтэй зээл огт аваагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцсоныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Засгийн газраас төсөв, санхүүгийн бодлогын үр дүнд эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.3 хувьд хүрсэн. Ирэх онд 8 хувьд хүрнэ хэмээн тооцож байна. Засгийн газраас ил тод, үр ашигтай бодлого хэрэгжүүлнэ. Гаалийн шинэчлэлийг эхлүүлж, экспорт, импортын бүтээгдэхүүнд хяналт тавьж, байгалийн баялгаас татвараа бүрэн авна. Мөн хилийн боомтуудад ачааны болон суудлын автомашин шалгах рентген суурилуулна. Татварын орчныг хөгжүүлж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмнэ. Цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг тусгасан. МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Үүнд 41 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Сум, өрхийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож, анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. Эмнэлгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн, санхүү, эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжүүлдэг болгоно. Энэ хүрээнд Улсын II эмнэлэг, ХСҮТ-ийг туршилтаар бие даан ажиллахаар төлөвлөж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад 193.1 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг хийнэ. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгасан. Орлоготой нь уялдуулсан зардлын механизм хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн 30 хувь, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг тухайн орон нутагт нь олгоно. Ирэх онд “Хүний хөгжил сан”-гаас өвлөж ирсэн 1.1 их наяд төгрөгийн өрийг барагдуулж, “Ирээдүйн өв сан”-д 500 тэрбум төгрөг хуримтлуулна” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Улсын төсөвт нааштай өөрчлөлт гарч байгаа. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрт хариуцлагатай, ил тод, нээлттэй, хэмнэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хэрэгжилт ямар шатанд байна вэ. Мөн гаднаас авсан зээлийн зарцуулалтад хяналт шалгалт хийж байна уу” хэмээн тодрууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө тул ил тод, үр ашигтай зарцуулах ёстой. Тиймээс бид бүх төсвөө ил тод, нээлттэй боловсруулсан. Төсвийн тодотгол хийхгүй байх бодлого баримталж байна. Өмнө нь төсөв тодотгох нэрээр ихээхэн зардал нэмдэг байсан. Энэ нь өнөөгийн Засгийн газрын их өрөнд нөлөөлсөн. Манай Засгийн газар гадаад, дотоодоос өндөр хүүтэй зээл огт аваагүй. Мөн Төрийн албан хаагчийн мэдээллийн сан бий болно. Энэ сангаас төрийн нийт албан хаагчдын тоо, тангараг өргөсөн эсэх, цалин, урамшуулал зэргийг бүгд бүртгэгдэнэ. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах томоохон боломжтой болно” хэмээн хариулав.
Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэх чиглэлд анхаарч ажиллахаар болсныг Д.Тогтохсүрэн гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд, “2019 оны төсвийг амжилттай хэрэгжүүлбэл МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь хангагдах вэ. Мөн Засгийн газар ирэх онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр арга хэмжээ авахаар төлөвлөсөн үү. Ажлын байр нэмэх чиглэлд ямар арга хэмжээ авах вэ” хэмээн тодрууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Өмнө Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байсан. Арилжааны банкууд иргэдэд бус Засгийн газар үнэт цаас гаргахыг хүлээгээд суудаг байлаа. Тиймээс манай Засгийн газар арилжааны банкуудад байсан бүх мөнгийг эргүүлэн татсанаас гадна тэднээс өндөр хүүтэй зээл авахаа больсон. Ингэснээр арижлааны банкууд иргэдэд олгох зээлээ нэмэх боломж бүрдэх бөгөөд зах зээлийн зарчмаараа зээлийн хүү буурах боломжтой юм. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны эрэлт өндөр байгаа. Тиймээс ирэх оны төсөвт МСҮТ-ийн оюутнуудад 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох болсон. 2019 оны төсвийг амжилттай хэрэгжүүлснээр мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 орчим хувьд хүрнэ” гэсэн хариулт өглөө.
Мөн гишүүдийн зүгээс Монгол Улсад хэдэн толгой мал байгаа, хэдэн тонн мах экспортод гаргах зорилт тавьж буйг ХХААХҮ-ийн сайдаас тодруулахад, “Одоогоор Монгол Улсад 80 сая гаруй толгой мал бий. Үүнээс 15 сая малыг дотоодын хэрэгцээгээ хангах, гадаадад гаргахаар төлөвлөж байна” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр” дуусах дөхөж буйг дурьдаад, “Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ Тендерийн тухай хуульд анхаарах хэрэгтэй. Орон нутаг хөрөнгөтэй байхад Тендерийн хуулиар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх эрх нь Засгийн газарт байж болохгүй. Нөгөөтэйгүүр валютын ханшийг тогтворжуулахад анхаарах нь чухал. Засгийн газраас үнэт цаас гаргахгүй гэсэн мэдэгдэл хийж байна. Гэтэл судлаачид Засгийн газар үнэт цаас гаргах замаар валютын урсгалыг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байгааг анхаарах нь зөв" гэлээ.
Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед бид төсвийн алдагдлыг өндөр хүүтэй зээлээр нөхөхгүй байх нь зөв гэдгийг Сангийн сайд тайлбарлаад, “АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмсэн. Үүнээс үүдэн ам.долларын ханш дэлхий нийтэд өсч байгаа. Харин Монгол төгрөг юань, вон, рублийн эсрэг чангарч байна” гэв.
Ийнхүү үдийн завсарлагааны цаг болсон тул хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Чуулганы хуралдаан 15.00 цагт эхэлж, төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.