Х.Баделхан: Суурьшлыг хотын орон зайн оновчтой төлөвлөлттэйгээр боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-03 18:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрчимтэй хотжилт нь дэлхийн болон бүсийн, үндэсний сорилт болж байна. 2017 оны байдлаар дэлхийн хотжилтын түвшин 56 хувьтай байхад Монголд энэ үзүүлэлт 67.6 хувьтай байгаа”-г өнөөдөр манай улсад албан ёсоор эхэлсэн НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн чуулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан тодотгож байв.

Тэрээр, “Монгол Улсын төр, засгаас баталсан “Ногоон хөгжлийн бодлого” болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “Ногоон”, “Ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх”, “Улаанбаатар хот болон бусад хот сууриныг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зэрэг байгаль орчинд ээлтэй, тогтвортой дэд бүтэц бүхий хотуудыг төлөвлөн байгуулахад чиглэсэн зорилтуудыг тусгаж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг”-г мэдээлээд, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн баримт бичгийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан, хотын орон зайн оновчтой төлөвлөлттэйгээр боловсруулж, 2020 онд парламентаар батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэхэд таатай байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн дээр дурьдсан томоохон зорилт, арга хэмжээ нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”, Хабитат III-аас гаргасан “Хотжилтын шинэ хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гарсан олон улсын хэлэлцээр, хөтөлбөр, тунхаглалд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэж буйг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж, байгаль орчин, хот, тээврийн асуудлыг бүх салбартай харилцан уялдаатай авч үзэн “Бангкок Тунхаглал -2020”-ын хэрэгжилт үйл явцыг хэлэлцэж, Улаанбаатар хотод “Киотогийн Тунхаглал”-д нэмэлт өөрчлөлт оруулан үзэглэх, “Хурлын тэмдэглэл”-ийг мөн хамтдаа хэлэлцэн батлах болно. “Тогтвортой хөгжлийн зорилт 11”-д тусгасан “Ажрахгүй, ухаалаг, амьдрах таатай хотыг хөгжүүлэх” замаар эх дэлхий цэнхэр гаригаа хайрлан хамгаалж, хамтдаа хөгжихийн төлөө нягт хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.


Чуулганд оролцож буй төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэвэл, Малдив улсын Мэйл хотын дарга Сифа Мохамед, “Манай улсад Монголтой ижил асуудлууд байна. Манайх аялал жуулчлалд тулгуурласан эдийн засагтай учир орчноо хамгаалах нь чухал байдаг. Тиймээс бид цахилгаан тээврийн хэрэгсэл, түлш, шатахуун хэрэглэдэггүй цэнэг хураагууртай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Мөн сүүлийн үед хямд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Манай улсад арлын элэгдэл, далайн түвшний өсөлт, дэлхийн дулаарлын асуудал нэн түрүүнд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Монголчууд амьд зүйлд их хайртай, элгэмсэг ханддаг юм байна. Тиймээс Монголын түүхийг судалж, сонирхож энэ удаагийн чуулга уулзалтад хүрэлцэн ирлээ” гэсэн юм. Японы БОЯ-ны сайдын зөвлөх ба Ажлын албаны дарга Ясухура Уеда, “Бүс нутгийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг бид энд тодорхойлно. Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр, далайд гарцгүй орнуудын өмнө тулгамдаж байгаа тээврийн хүндрэл, хот төлөвлөлт зам тээврийн ложистикийн шинэ бодлогын асуудлыг хөндөхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр “Бангкок 2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг ч ярилцахаараа энэ удаагийн хурал онцлог болж байна” гэв.

Олон улсын энэ чуулга уулзалт нь Азийн бүсийн 25 орны Засгийн газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид нэг дор чуулж, боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа шийдэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэж, мэдлэг, туршлагаа хуваалцан, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож буйгаар чухал ач холбогдолтой юм гэдгийг оролцогчид онцолж байна.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ