Гадаадын иргэнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-02 17:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших “Голомт” хотхонд болсон үйл явдлын талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч хэлэхдээ, “ТЕГ нь Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10, 11-р зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-ийн 10-р зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйлдэл бүхий үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан байгаа. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учир та бүхэнд энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Тэрээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлийн 3-т заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг. Тиймээс бид хэргийн талаар прокуророос албан ёсоор зөвшөөрөл авч байж асуудлыг ярих ёстой. Илүү шаардлагатай мэдээллийг тодруулахаар бол Прокурорын байгууллагад хандаж болно” гэв.


Дээрх үйл явдлын хэргийг хэвлэлүүд саяхан хураасан гэх 1.3 сая ам.долларыг оруулж ирсэнтэй холбон таамаглаж байсан боловч энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад, “Манай байгууллагаас өнөөдөр “Голомт” хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал” гэсэн хариу өгсөн юм. 


Тодруулга: ТЕГ-ын төлөөлөгчийн дурдсан Эрүүгийн тухай хуулийн 19-ийн 10-р зүйл нь 1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. “Тагнуул хийх” гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ