Арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-02 17:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж, дэмжлээ.

Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу айгуулсан бөгөөд одоогоор 121 орон гишүүнээр элсээд байгаа юм. Тус байгууллага нь гишүүн улс орон, олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэдэг гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Тэрбээр, "Манай улс тус байгууллагын гишүүн болсноор арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болж, маргаана хямд өртгөөр шийдвэрлүүлэх боломжтой болно. Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, өндөр ёс зүйтэй, нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг. Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа үзүүлдэг юм. Монгол улсад хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулахын тулд арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн" гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, О.Содбилэг нар хуралдаанд оролцсон Гадаад хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ