Таманийн боомтын талаар бид юу мэдэх вэ

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-09-29 00:08:10
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/.Далайн тээвэр хийхүйц гүн гүнзгий, хөлддөггүй, байгалийн эрсдэлгүй гэх гурван гол тодотголтой Таманийн боомтыг барьж байгуулах санаачлага аль ЗХУ-ын үеэс эхэлсэн байдаг. ЗХУ бутарснаар Хар тэнгисийн бүхий л чадалтай боомт Оросын мэдлээс гарч харийн эзэмшил болж гагцхүү Новороссийск боомт л шинэ Оросын итгэлийн үүд болон үлдсэн. Тэр үед Таманийн боомтыг ашиглаж их алдагдлын талыг ч болтугай нөхөх боломжтой байсан ч эрх баригчид тэгсэнгүй.

2005 онд Волна тосгоны орчимд ОХУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн зах зээлийг эзэгнэгч Отэко групп жилийн 20 сая тоннын хүчин чадалтай Таманийн нефть, нефтийн бүтээгдэхүүн, нүүрс устөрөгчийн хийн дамжуулан ачих цогцолбор-терминалын бүтээн байгуулалт эхлүүлснээр боомт барих яриа дахин сэргэсэн юм. Уг терминал 2012 онд ашиглалтад орсон бөгөөд энэ хугацаанд 20 гаруй сая тонн ачаа буулгасан байна. 

ЗХУ-аас гаралтай Бельгийн иргэн Отэко группын эзэн М.Литвак энэ хэсэг газарт бизнесээ өргөжүүлж 2014 онд дараагийн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн нь 35 сая тоннын хүчин чадал бүхий нүүрс, зэс зэрэг нурмаг ачааны терминал байв. Ойролцоох төмөр замын төв шугамын Вышестеблиевская өртөөнөөс 3.6 км салаа төмөр зам татах, өөрийн эзэмшлийн өртөө, бүтээгдэхүүн хадгалах агуулах барих зэрэгт уг компани 2.5 тэрбум ам.доллар зарцуулаад буй.

2014 онд Крымын хойг Керчи, Феодосия, Ялта, Севастополь, Евпатория зэрэг таван боомтоо дагуулан ОХУ-д эргэн нэгдсэнээр Таманийн боомтын бүтээн байгуулалт мөн л хойш татагдан тэр үед ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “10 жилийн дараа энэ асуудлыг эргэн харж болох юм” хэмээн мэдэгдэж байсан.

Гэвч ОХУ-ын Засгийн газар Атлантын, Энэтхэгийн далайн бассейны орнууд руу гарах гарц Таманийн боомтын бүтээн байгуулалтын асуудлыг тэр ондоо буюу 2014 оны сүүлээр эцэслэн шийдвэрлэсэн. ОХУ-ын Засгийн газар бизнес эрхлэгчидтэйгээ хамтран төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж 2025 он гэхэд 93  сая тоннын хүчин чадалтай Оросдоо Приморийн боомтын дараа буюу хоёрдугаарт жагсах  томоохон боомт болгох зорилт тавьсан юм.  

Энэ оны ихээр Отеко компани боомтоос гадна Темрюксийн дүүрэгт аммиак, метанол, хөнгөн нүүрсустөрөгч, хийн үйлдвэр болон хөдөө аж ахуйн чиглэлийн нийт 10 үйлдвэрээс бүтсэн аж үйлдвэрийн парк байгуулах болсноо зарласан.


Түүнчлэн 2021 он гэхэд үйлдвэрийн ажилчдад зориулсан 10 мянган хүний орон сууц барьж амьдрах орчинг бүрдүүлэх зэргээр бүтээн байгуулалт өрнүүлэн уг бүс нутагт нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй юм. ОХУ-ын Засгийн газар томоохон боомт хот байгуулах уг төсөлд 10 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийгээд буй бөгөөд шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байна.

“Боомт-аж үйлдвэрийн парк” хэмээн нэрлэгдэж буй энэхүү мега төслийн зам тээвэр, инженерийн дэд бүтэц, агуулах, овоолгын станцуудын гүйцэтгэл 90 орчим хувьтай явагдаж, боомт болон үйлдвэрүүд хугацаандаа ашиглалтад орох ажээ.

 

Холбоотой мэдээ