Швед, Канад руу экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-28 14:43:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсын Стокгольмын Арбитраас манай улсад арбитрыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсний үр дүнд Монголын Үндэсний арбитр 21 аймагт салбартай болон ажиллаж байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын удирдлага Монгол Улсаас Шведийн Вант улсад суухаар шинэ томилогдсон Элчин сайд О.Энхцэцэгийг хүлээн авч уулзах үеэр тэмдэглэж, Шведэд 6000 гаруй Монгол иргэн амьдардаг гэсэн мэдээлэл бий бөгөөд монголчууд олноор суурьшсан газар Монгол бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, Монгол иргэдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнес форум, олон улсын үзэсгэлэн хамтран зохион байгуулах боломжуудын талаар ярилцав. Мөн энэ үеэр Танхимын удирдлага Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболдыг хүлээн авч уулзан Канад улстай худалдаа, бизнес, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа. Канад улсын тухайд, Монгол Улстай голдуу уул уурхайн түншлэл түлхүү хөгжсөн бөгөөд цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох, МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэмэгдүүлэх чиглэлд бизнесийн орон зай байгааг ярилцав. Мөн тус улс дахь ХАҮТ-тай холбогдож, бизнесүүдийг хооронд нь холбоход ЭСЯ-ны оролцоо багагүйг мөн онцоллоо. Элчин сайд нарын зүгээс Монголын компаниудын талаарх мэдээлэл, судалгаагаар хангаж, хамтарч ажиллахыг Танхимаас хүслээ. Цаашид эдгээр оронтой чөлөөт худалдааг нэмэгдүүлж, арга хэмжээ, бизнес форум, үзэсгэлэн яармагт дотоодын ААН-үүдийг өргөнөөр оролцуулах боломжийг нэмэгдүүлэхээр тохиролцов.

МҮХАҮТ-аас экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох, мэдээлэл хүргэх зорилгоор "Mongolian exporters-2018" цахим каталогийг гаргасныг уулзалтын төгсгөлд Элчин сайд нарт гардууллаа.


Б.Болд

 

Холбоотой мэдээ